”Ирэх долоо хоногт 640 трактор олгоно”

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

”Ирэх долоо хоногт 640 трактор олгоно”

Засгийн газраас тариаланчдад хөнгөлөлттэй зээлээр олгох тракторын бүртгэл дууссан хэмээн мэдээлээд байгаа. Энэ талаар ҮХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн техник технологийн албаны дарга Д.Галсанбуянгаас тодрууллаа.

-Тариаланчдад 50 хувийн хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа тракторын олголт ямар төвшинд явж байна вэ?

-Засгийн газраас малчдад хөнгөлөлттэй зээлээр нийт 80 мянган ширхэг трактор олгохоор болсон. Зээлээр олгож буй хоёр төрлийн трактор байгаа. Үүнээс 5000 нь газар тариалангийн чиглэлийн анжистай, харин үлдсэн нь хадлангийн трактор. Аймаг сум бүр зээлээр трактор авах хүсэлтэй иргэдийн нэрсийг гаргачихсан. Гэрээ хийсэн бүх хүмүүст хангалттай хүрэх болно гэдгийг эхлээд хэлье. Одоогоор үйлдвэрээсээ наашаа гарсан 640 ширхэг хадлангийн трактор замдаа явж байгаа. Эрээний хил дээр их гацаж байна. Тэнд цаг алдаад байгаа учраас трактор авахаар захиалсан хүмүүсийн хувьд хүлээлт үүсгээд байгаа юм.

-Тэгвэл наашаа ачсан 640 трактор хэзээ тариаланчдад олгогдох вэ?

-Ирэх долоо хоногт эрчимтэй олгож эхэлнэ. Одоогоор 1400 орчим трактор олгогдоод байгаа. Ирэх долоо хоногт 300 гаруйг хүмүүст олгочихоор хүлээлт гайгүй болох байх гэж бодож байна.

-Эхний ээлжинд захиалсан тракторыг хэзээ тарааж дуусах бол?

-Одоо 640 ширхэг трактор замдаа явж байгаа. Хамгийн цаад тал нь 20 хонож ирнэ. Хамгийн сүүлийнх нь 23-нд ачигдсан гэж бодохоор ирэх сарын 2, 3-ны үед тараагдаад дуусах байх.

-Одоогоор хэдэн тракторыг тариаланчдад өгөөд байна вэ?

-Газар тариалангийн 200 гаруй, хадлангийн 1400 орчим трактор иргэдийн гар дээр очоод байна. Үлдэгдэл нь аравдугаар сараас ороод ирэх байх.

-Эхний ээлжинд нийт хэдэн трактор олгох юм бэ?

-Эхний ээлжинд 3000 трактор ирэх ёстойгоос 2100-г нь тариаланчдад захиалаад хүлээж байна. Ер нь бол Засгийн газраас малчдад хөнгөлөлттэй зээлээр нийт 80 мянган ширхэг трактор олгохоор болсон.

-Зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн бүртгэхээ зогсоосон гэсэн?

-Ямар ч байсан эхний ээлжинд энэ ажлаа дуусгаад дараа нь бүртгэж эхэлнэ. Одоогоор оочер дараалал нэлээд их байгаа учраас дахин бүртгэх асуудал хүнд байгаа. Ямар ч байсан одоо захиалгатай байгаа тракторуудаа олгосны дараа дахин бүртгэж эхэлнэ гэдгийг хэлье.

-Тариаланчдад 50 хувийн хөнгөлөлттэйгөөр трактор авна гэсэн. Үлдсэн төлбөрийг яаж төлөх юм бэ?

-Тариаланчдад олгож байгаа тракторын хувьд таван сая төгрөгийн үнэтэй. Иргэд трактор зээлээр авах хүсэлт гарган гэрээ хийхдээ 2.5 сая төгрөгөө бэлнээр өгнө. Үлдсэн мөнгөө таван жилийн хугацаатай төлөх юм.

-Энэ тракторын чанар, сэлбэгийн хувьд хэр найдвартай, олдоцтой вэ?

-Бидний зүгээс нэг жилийн баталгаа олгож байгаа. Чанарын хувьд ийм төрлийн трактор дундаа сайн. Яагаад ингэж итгэлтэй хэлж байна гэхээр эхлээд трактор авах оочер бага байсан. Эхнээсээ трактораа аваад нутагтаа очихоор хүмүүс нь үзээд ийм сайныг зээлээр, хямдхан олгож байна гээд авахаар хошуураад байгаа. Бүх сэлбэг хэрэгслийг авчирч байгаа учраас хангалттай ирнэ.

Б.Золзаяа

“Монголын мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж