Шинэ систем хэвийн үргэлжилж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Шинэ систем хэвийн үргэлжилж байна гэв

Монголын хөрөнгийн биржид долдугаар сарын эхээр нэвтрүүлсэн “Миллениум Ай Ти” систем хэвийн ажиллаж байна гэсэн мэдээллийг албаныхан өглөө.

Лондонгийн хөрөнгийн биржийн системийг Монголын хөрөнгийн биржид нэвтрүүлснээс хойш арилжаанд оролцох эрхтэй компанийн тоо нэмэгдэж 33-т хүрсэн бөгөөд арилжааны мөнгөн дүн таслалтгүй нэмэгдэж байгаа гэнэ. Тодруулбал, энэ хугацаанд 35.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн тухай албаныхан мэдээллэв. Шинэ системийн ач холбогдлыг брокер дилерийн компанийн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан арилжаанд оролцох үнэт цаасны данснаас гадна арилжаа санхүүжүүлэх төлбөр тооцооны данстай болох, тухайн дансанд тооцоогдох хүүгийн орлогыг бүрэн хүртэх, банкны харилцах дансны даатгалд хамрагдах боломжтой гэдгээр онцолж буй.

Энэхүү шинэ систем дөнгөж нэвтрээд байхад арилжаанд оролцогсдод тавих шаардлага хэт өндөр, Монголд тохиромжгүй систем хэмээн эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд Үндэсний баяр наадмын дараахан хэдэн өдрийн турш арилжаа хийлгүй өнжих ч тохиолдол гарсан. Энэ талаар албаныхан тухайн үедээ хувьцаа худалдан авах санал ирээгүй учир арилжааг зохион байгуулаагүй гэж тайлбарлаж байсан юм. Ямартай ч хөрөнгийн зах зээлийг шинэтгэх олон улсын систем ийнхүү нутагшснаар өгөөжөө тогтвортой өгвөл шүүмжлэл дагуулж нүсэр ажил хийсний үр дүн гарах биз ээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж