Сансарын тунелийн зүүн уулзварыг нээх үү?

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Сансарын тунелийн зүүн уулзварыг нээх үү?

Оюутан, сурагчдын хичээл орж, ээлжийн амралтаа авсан иргэд ажилчид ажилдаа орон замын хөдөлгөөн бараг зогсох шахаад аюулд хүрээд байсан. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл энэ аюулыг урьдчилан харж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн нь мөлхөж байсан машин, жолоочийг бага ч гэсэн сэргээгээд байна. Энэ их түгжрэл, ачааллын гол буруутан нь Сансарын тунелийн нүхэн гарц болон Сэлбийн хос гүүрний их засварын ажил.

Эдгээр засвартай холбоотойгоор Замын цагдаагийн газраас авто замын чиглэлд өөрчлөлт хүртэл гаргаад өгсөн. Мөн автобуснууд нь гудамж хашаа сүлжин, зорчигчид нь төөрсөөр дээрхи замууд ашиглалтад орох өдрүүд хуруу дарам цөөн хоног үлдлээ. Тодруулбал, төлөвлөгөө ёсоор бол Сэлбийн хос гүүрний засвар ирэх есдүгээр сарын 07-нд, Сансарын тунелийн нүхэн гарцын дээгүүрх замын хөдөлгөөнийг маргааш нээх ёстой. Тиймээс Сансарын тунелийн зүүн уулзварын хөдөлгөөнийг маргааш нээх эсэхийг сонирхлоо. 

Зорчих хэсгийн хөдөлгөөнийг маргааш нээх ёстой. Гэвч…

Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбоотойгоор энэхүү нүхэн гарцын дээгүүрх зорчих хэсгийг буюу замын хөдөлгөөнийг маргааш нээх байсан ч нөгөөх л бороо, инжерийн шугам сүлжээ гэх шалтгаанаас болж дор хаяж 15 хоног хойшлохоор болсон байна. Энэхүү асуудлыг Нийслэлийн Авто замын газрын зам барилгын хяналтын хэлтсийн инженер Ч.Батсайханаас тодрууллаа.

-Нүхэн гарцын зорчих хэсгийг маргааш нээнэ гэж байсан. Ямар учраас ийнхүү хагас сараар хойшлохоор болов?

-Сансарын нүхэн гарцын зорчих хэсгийг ирэх сарын 01-нд буюу маргааш нээх ёстой байсан. Гэвч инженерийн шугам сүлжээний ажлаас болоод хугацаандаа ашиглалтад орсонгүй. Одоогоор ул бетон буюу нүхэн гарцын шалыг цутгах ажлаа өчигдөр хийж дуусаад байна. Энэхүү ул бетон бэхжилт авсаны дараа шалаа  угсарч, ханаа өрнө. Үүний дараа тасалгаа, хучилтын хавтангаа өрөөд асфальт тавина. Энэ бүхний дараагаас л автомашинууд хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Гэсэн үг.

-Нүхэн гарцын ойролцоо цөөхөн ажилтан ажиллаж байгаа харагдсан. Хэдэн ажилтан байгаа вэ?

-Гараар хийх ажил бага байсан тул цөөхөн ажилтантай байсан. Маргаашнаас бороо хур гайгүй бол хүн хүчийг нэмнэ.

-Хугацаа хойшлоход гүйцэтгэгч компанид ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Үндсэн хугацаа нь ирэх аравдугаар сарын 30-нд дуусах ёстой юм. Энэ хугацаандаа багтаж засварын ажлыг дуусгахгүй бол хариуцлагын асуудлыг ярих болно.

-Нүхэн гарц хэзээ ашиглалтад орох вэ?

-Нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг ирэх аравдугаар сарын 30-ныг хүртэл хийж гүйцэтгэх юм. Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн хонгилтой байна.

-Нүхэн гарц барих ажилд хэдэн төгрөг зарцуулж байна?

-Гүйцэтгэгч “Хотын зам” ХХК нийт нэг тэрбум 321 сая төгрөгөөр энэ замыг засч байгаа.

 Д.ЖАРГАЛ

“Зүүн дөрвөн замын уулзвараас Аюулгүйн тойрог хүрэх автомашинууд туслах замаар өгсч байна”

“Аюулгүйн тойргоос Сансрын тунель дээрхи байрууд руу орохыг хүсвэл “Хүрмэн” эмийн сангийн хажуу талын туслах замаар эргэж байна”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж