ЕБС-иудын хичээлийн нээлт 09.00 цагт болно

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

ЕБС-иудын хичээлийн нээлт 09.00 цагт болно

Шинэ хичээлийн жил маргааш эхлэх гэж буй. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн нээлт 09.00 цагт эхэлж, 10.00 цагт Ерөнхийлөгчийн хичээлийг зохион байгуулах гэнэ. Харин их дээд сургуулиудын хичээлийн нээлт есдүгээр сарын 3 буюу даваа гарагт хийх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр улс орон даяар теле хичээл заадаг ёсоор 10.00 цагт “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” сэдвээр хичээл заах юм байна. Хичээлийг МҮОНТ-ээр шууд дамжуулан нийслэл, аймгуудын сургуулийн анги танхимд үзүүлэх ажээ. Энэ талаарх бэлтгэл ажлыг аймаг, нийслэлийн боловсролын газруудад даалгасан байна.

2012-2013 оны хичээлийн жилд нийт 98 дээд боловсролын байгууллагад 175 мянган суралцагч сурах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Үүнд төрийн өмчийн 15, төрийн өмчийн бус 78, гадаадын их сургуулийн салбар таван сургууль байгаа гэнэ. Харин энэ жил мэргэжлийн боловсрол эзэмших 44 мянган суралцагч шинээр элсэх бөгөөд үүний 38.500 нь бакалаврын зэргийн сургалтад, 5000 нь магистрантурт, 500 нь доткорантурт суралцах юм байна. Салбарынхан энэ жил дээд боловсролын салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарах гэнэ. Тухайлбал, их, дээд сургууль, коллежийн үйлчилгээний төвшин, чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд оюутны сургалтын төлбөр төлж буй өнөөгийн практикийг оюутанд дарамт багатай болгох арга хэмжээг төрийн өмчийн дээд боловсролыг байгууллагаас эхлүүлэх тухай албаныхан онцоллоо.

Ийнхүү Боловсролын салбарыг бодлогоор зангиддаг Төрийн өндөрлөгүүд, яамд, агентлагууд хөл хөдөлгөөнтэй байна.  Нийслэл хот маань ч хөл хөөрд автлаа. Зуны хугацаанд нэг нэгнийгээ үгүйлсэн ангийн андууд маргааш уулзалдах нь. Эхний өдөр гэлтгүй нэлээд хэдэн өдөр сонин хачнаасаа хуваалцаад дуусахгүй биз. Харин багачууд маань зуны туршид амарсан бол эртлэн босч, эрдэм номдоо шамдах нь.  Суралцагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж