Төрийн наадамд гурав айрагдсан Бандгаан бор

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Төрийн наадамд гурав айрагдсан Бандгаан бор

Төрийнхөө их баяр наадамд гурван жил дараалан айрагдсан Бандгаан бор 21-р зууны Монголын хурдан морины түүхэнд бичигдэх шинэ амжилтын эзэн боллоо. Техник технологийн эрин үе 21-р зуун гарсаар монгол төрийн наадамд завсаргүй гурван жил дараалан цулбуур өргүүлсэн их морь одоогоор Тод манлай уяач С.Ганхуягийн бороос өөр хараахан тодроогүй байна. Уралдаан олширч жилийн дөрвөн улиралд уралддаг болсон сүүлийн жилүүдэд нэг адуугаар тогтмол амжилт үзүүлэх нь нүдний гэм болоод буйг мориныхон дээр дооргүй ярьдаг. Чухам ийм үед хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тэгш сайхан тааруулж, гурван жил бататгана гэдэг уяачийн ур ухаан, чадварын илэрхийлэл бизээ. Уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо цэнгүүлж уралдсан болгондоо цулбуур өргүүлдэг буянт хүлгийн тухайд товчхон өгүүлэхэд:

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Мөнхбатын унаган адууг Тод манлай уяач шинжин таньж, 2009 оны намар авч байсан гэдэг. Бор морины эцэг нь Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу бол, эх нь мөн аймгийн Түмэнцогт сумын унага юм. Сумынхаа наадамд 4-5 удаа түрүүлчихээд байсан бор морь Тод манлайн нүдэнд туссанаар томоохон довон дээр тоосоо өргөх эхэллээ тавьсан  юм. Хэдхэн сарын дараа халхын цуут хурдууд шандас шалгадаг “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдааныг магнайлж, тэр жилээ улсын наадамд айргийн дөрөвт хурдлан морь сонирхогчдын тооцоот хүлгэдийн нэг болсон билээ.
Харин өнгөрсөн жил буюу дөрвөн их түүхт ой давхцсан 2011 онд бор морь төрийнхөө их баяр наадамд айргийн таваар давхиж, давхар уяагаар Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Тоглохын талд болсон “Тамирын хурд-3” хангайн бүсийн наадмын аман хүзүүнд хурдалсан юм.

АХ-ын 91, Их монгол улс байгуулагдсаны 806 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд газар газрын шандаст 381 хурдан хүлэг тоосоо өргөн, энэ цагийн эгэлгүй хурдан буян Бандгаан бор амжилтаа бататган айргийн тавд хурдалж, гурав дахиа цулбуур өргүүллээ.

Эх сурвалж: www.todmagnai.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж