ЭМ-ийн сайд хүүхдийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

ЭМ-ийн сайд хүүхдийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2012 оны 8 дугаар сарын 30-нд бүх аймаг, нийслэлийн хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд оролцож эх, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.

Түүнчлэн сайд эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа тусламж үйлчилгээ, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй шинэчлэлийн талаар аймаг, нийслэлийн хүүхдийн эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцов.

Одоогийн байдлаар хүүхдийн тусламж үйлчилгээнд ачаалал хэт их, өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь хүүхэд, тэдэнд эцэг эхийн анхаарал, хараа хяналт муу, мөн амьдралын түвшин доогуураас үүдэлтэй ахуйн ослоор бага насны хүүхдүүд ихээр эндэж байгааг мэргэжилтнүүд онцлоод, нийслэлд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт осол гэмтэл орж байгааг, мөн эх хүүхдийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахыг хүслээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарын тусламж үйлчилгээний аюулгүй байдалд шинэчлэл хийх, эрүүл мэндийн салбарт нүүрлээд буй иргэдийг чирэгдүүлэх, эмнэлгийн байгууллагуудын хүнд суртлыг арилгахад шинэчлэл хийх, тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж, ээлтэй, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхэд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг онцлов.

Энэхүү зөвлөгөөнд хүүхдийн мэргэжилтнүүдээс гадна ЭХЭМҮТ-ийн эмч нар, ЭМШУИС-ын хүүхдийн анагаахын тэнхимийн багш нийт 45 хүн оролцож байна. Зөвлөгөөн дөрвөн өдөр үргэлжлээд өнөөдөр өндөрлөж байгаа юм байна.

Ирэх долоо хоногт зарим аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай телеконференц хийж өвөлжилтийн бэлтгэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын асуудлаар санал бодлоо солилцохоор болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж