![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/5/e492276aa7b87bdd/bfec10c948b7ce8big.png)
2012-2013 оны хичээлийн шинэ жилд 73 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад нийт 188 мэргэжлээр 28317 суралцагч элсэн суралцах тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байна. Үүний дийлэнхийг буюу иргэний барилга, байгууламжид 8049, аж үйлдвэрийн салбарт 6493 хүн суралцах ажээ. Өөрөөр хэлбэл, барилга болон аж үйлдвэрийн салбарыг хамгийн ихээр сонгон судлах болсон байна. Ажил, мэргэжлээр ангилбал, барилгын засал чимэглэлчин 1580, тогооч 1621, гагнуурчин 1440, барилгын сантехникч 1165, автомашины засварчнаар 1085 суралцагч элсэн суралцана гэнэ.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал байр суурь эзэлдэг, аж үйлдвэр, уул уурхай, бүтээн байгуулалтын салбар дахь хөгжлийн үндсийг боловсон хүчин гэдгээр тайлбарлаж буй. Тэгвэл эдгээр салбарт залуус идэвхтэй элсэн суралцах болсон нь боловсон хүчний эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байхад, цаашлаад энэ нь улс орны тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой болох тухай албаныхан онцолж байна.
У.БОЛОР