Оюуны олимпийн медальтнууд Азийн аваргад оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Оюуны олимпийн медальтнууд Азийн аваргад оролцоно

Францын Лиллей хотноо наймдугаар сарын 9-23-ны хооронд Дэлхийн оюун ухааны спортын II дугаар наадам болж, манай улсын зуун буудалт даамын эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон баг тамирчид наймдугаар сарын 29-нд эх орондоо иржээ.

Шатар, даам, бриж, го даамын төрлөөр 112 орны 2300 орчим тамирчид эл наадамд өрсөлдснөөс 25 орны тамирчид медаль хүртсний дотор манай улс 20 дугаар байр эзэлсэн байна.

Эрэгтэй баг оролцсон хоёр төрөлдөө тав, зургадугаар байрыг эзэлж, улмаар ОУХМ Д.Эрдэнэбилэг Азийн шилдэг тоглогчоор шалгарч ирэх 12-р сард Бээжинд болох шилдэг 12 даамчдын тулаанд оролцох эрхээ авсан.

Эмэгтэй багийн хувьд наймдугаар сарын 21-нд өндөрлсөн багийн төрөлд хүрэл медалийн төлөө Голландын багтай тоглож 2:2-оор тэнцсэн ч эхний ширээнд хожигдсон хожигдлоороо дөрөвдүгээр байр эзлээд байсан бол тэмцээний сүүлийн өдөр (08.23) таван минутын түргэн тоглолтын тэмцээнд спортын мастер Э.Мандахнаран, спортын мастер Б.Нандинцэцэг нар хүрэл медаль хүртснээр оюуны спортын олимпийн анхны медалийг авчирсан юм. Энэхүү төрөлд Недарландын баг түрүүлж, ОХУ-ын баг мөнгөн медаль хүртсэн аж. Манай даамчид хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд БНХАУ-ын даамчдыг 4:0-ийн харьцаагаар буулган авсан байна. “Бээжин-2008” оюуны олимпийн анхдугаар наадамд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан манай улсын хувьд энэ удаа зөвхөн зуун буудалт даамын төрөлд 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 112 орноос 20 дугаар байр эзэллээ.

Дашрамд дуулгахад, манай даамчид ирэх арваннэгдүгээр сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд тус тэмцээнд түрүүлсэн тамирчин дэлхийн авргад оролцох эрхийг авах юм байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж