
Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл байсан бөгөөд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг хуулийн концепциуд дээр ажиллаж, ямар ч байсан сумын ИТХ-ын төлөөлөгчийг намын жагсаалтаар сонгох нь зохисгүй, иргэд өөрсдөө хүнээ нэр дэвшүүлэх ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрч, энэхүү заалтаар хэлэлцүүлэг эхлүүлэхэд санал хураалгахаар болж буй юм байна. Бас бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллана. Эргээд энэхүү хуулийн заалтууд дээр “Шударга ёс” эвслийн бүлэг Ардчилсан намын бүлэгтэй ярилцана, зөвшилцөнө, зөвшилцөл эхлээгүй, концепциуд дээрээ хоёр тал байр сууриа нэгтгээгүй байгаа тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэх болбол бүлгийн гишүүд оролцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвслийн бүлгийнхний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас авсан өчигдрийн завсарлага өнөөдөр ч үргэлжилнэ. Хэрвээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр үдээс хойш зарлаад 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэвэл УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг оролцоно гэсэн байр суурийг бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд өглөө.