Хэнтий аймагт өнгөрсөн 19-21 ний өдрүүдэд Нийгмийн халамжийн шинэчилсэн хуультай холбогдуулан сургалт зохион байгуулжээ. Сургалтанд сумдын засаг дарга нар болон Нийгмийн бодлогын мэргэжилтэн, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд зэрэг нийт 80 гаруй хүн хамрагдсан байна. Сургалтыг ЗГ-ын Хэрэгжүүлэгч агентлагийн дэргэдэх Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Буянжаргал тэргүүлэн явуулжээ. Нийгмийн халамжийн тухай хуулинд 2012 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр агуулгын хувьд нийгмийн халамжийн дэмжлэг тусламж нь жинхэнэ зорилтод бүлгүүдэд чиглэсэн хууль болсныг тайлбарласан байна. Нийгмийн халамжийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тэтгэмж шинээр оржээ. Энэ тэтгэмж нь амьжиргааны баталгаажих төвшинөөс доогуур орлоготой тодорхой хүн амын бүлгүүдэд чиглэсэн үйлчилгээ ажээ. Олон улсад нийцсэн аргачилалын дагуу Орлогыг оруулан тооцох шинэ аргаар өрхийн амьжиргааг тодорхойлох болсон байна. Үүнийхээ үндсэн дээр тэтгэмжүүдийг нэмэгдүүлжээ. Мөн хорих ангиас суллагдсан, тэнэмэл амьдралтай, шилжин суурьшигчдын, эдгэшгүй хүнд өвчтэй буюу хорт хавдартай хүмүүсийн бүлгүүдийг халамжийн хуулинд шингээж өгсөн аж. Зайлшгүй шаардлагатай хүн амын бүлгүүдэд тэтгэвэр тэтгэмж, халамжийн үйлчилгээ, тусламжийн үйлчилгээг үзүүлэхээс гадна олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд эдгээр иргэд хамрагдах боломжтой болжээ.
Ш.ОДНОО
/ХЭНТИЙ АЙМАГ/