“Хятадуудаас хахууль авсан хэрэг их ээдрээтэй”

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

“Хятадуудаас хахууль авсан хэрэг их ээдрээтэй”

Сүүлийн үед хуулийн байгууллагынхан өөрсдөө эрүүгийн гэмт хэрэгт их холбогдох болсон. Тиймээс уг асуудлаар болон шалгагдаж байгаа хэргийн талаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаатай ярилцлаа.

-Нийслэлийн хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар хятадуудаас их хэмжээний хахууль авсан хэргийн явц ямар шатандаа явж байна вэ?

-Энэ хэрэг ээдрээтэй цаанаа олон нууц асуудалтай хэрэг. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ч мухардалд орж, удааширч байна. Бид өдөр шөнөгүй мөрдөх ажиллагаа явуулснаар хайж байсан хоёр хүнээ олсон. Харин одоо яг хэргийн гол эзэн гээд байгаа хоёр хятад анхнаасаа баригдалгүй хил гараад зугтаасан байгаа. Үндсэндээ самрын хэрэгт цагдаагийн ажилтнууд холбоотой гэдгийг тогтоосон. Цол хэргэмийн тухайд хоёр оцифер, гурван цагдаагийн ахлах ахлагч байгаа. Хувь хүний нууц, нэр төртэй холбоотой хэрэг учраас нэрийг нь онцлож хэлээд яах вэ.

-Энэ хэрэгт хэчнээн хүнийг шалгаж байгаа юм бэ?

-10 гаруй хүн шалгагдаж байна. Төмөр замын Цагдаагийн хэлтсээс хэд хэдэн хүн хориод шалгаж байгаа. Хууль бусаар самар  ачиж яваа хятад иргэдийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Тэгээд цагдаа нар газар дээр нь очоод хэргийг илрүүлэх биш самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдаж хэргийг нуухаар тохиролцоод хахууль аваад самрыг ачуулж, хилээр гаргах боломжийг бүрдүүлсэн байсан. Ингээд л хэрэгт холбогдсон юм даа.

-Хэдэн төгрөгийн авлига авсныг нь тогтоосон юм байна уу?

-Сэжигтнүүд авсан мөнгөө зөрүүтэй мэдээлж байсан ч шалгалтын явцад 40 сая төгрөг авсан болох нь тогтоогдсон.

-Самрын хууль бус наймааны том сүлжээг илрүүлж байгаа юм биш үү?

-Зохион байгууллалтын шинжтэй хэрэг байхыг үгүйсгэхгүй. Хилээр самраа гаргахдаа жонш нэрээр гаргасан гэдгийг нь олж тогтоосон. Таван воганд ачуулсан бөгөөд нэг нь 45 тонн ордог гэсэн. Тэгэхээр 225 тонн самар гаргасан юм шиг. Мөрдлөгийн үед самар агуулж байсан сав байранд нь үзлэг хийхэд, үнэхээр  самар агуулж, хальсийг нь цэвэрлэж, хадгалж байсан ул мөр байдаг юм билээ. Тэгэхээр иргэдээс их хэмжээний самар авч ачуулсан нь тодорхой болж байна.

-Хятадын томоохон бизнесмэн холбогдсон гэсэн?

-Хятадын нэг компанийн захиралтай холбоотой асуудал бий. Энэ хятад захиралд холбогдох хэргийг шалгаад дуусч байна. Удахгүй шүүхэд шилжүүлнэ. Харин монголчуудтай холбоотойг нь тусгаарлаад прокурорын хяналтад өгөхөд бэлэн болоод байна.

-Хэрэгт хэчнээн мөрдөн байцаагч ажиллаж байгаа вэ?

-Одоогоор нэг мөрдөн байцаагч өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байна. Бидний ажил их ачаалалтай болохоор хэд хэдэн хүн ажиллана гэж байхгүй. Бусад холбогдох хуулийн газруудтай адил гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй, гав бороохой, техник хэрэгсэл байхгүй учир мөрдөн байцаагчид хэрэг илрүүлэхэд хүндрэлтэй байна.

-Нийслэлийн цагдаагийн газар болон Хэв журмын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд ХОМ-ээ худал мэдүүлсэн талаар мэдээлcэн. Энэ талаар танайх шалгасан уу?

 
-Цагдаагийн дарга нартай холбоотой ХОМ-ийн хэргийг АТГ-аас болон манай байгууллага давхар шалгасан. Шалгах явцад тус дарга нар ХОМ-ээ бөглөхдөө алдаа гаргасан зүйл байсан. Одоо ТЕГ үргэлжлүүлэн шалгаж байгаа.

-Гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай холбоотой эрүүгийн хэргийг танайх шалгаж эхэлсэн үү?

-Цагдаагийн алба хаагч хүн зодож танхайрсан мэдээллийн мөрөөр манайх асууж сурагласан. Одоогоор Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хохирогч гомдол гаргасан байгаа.

-Ер нь цагдаагийн алба хаагчид өөрсдөө ямар төрлийн гэмт хэрэгт их холбогддог вэ?

-Цагдаа нар хэрэгт татагдах тохиолдол бий. Шүүн таслах ажиллагааны эсрэг болон өмчлөх эрхийн, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох нь тасрахгүй байна. Тэр дундаа эрүү шүүлт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед шалгаж байгаа хүнээ айлгаж, дарамталдаг, хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэх гэх мэт тохиолдол гарч байна. Ер нь энэ чиглэлийн хэргүүд өсөлттэй байгаа. Үүнд нэгдүгээрт, хуулийн хийдэл нөлөөлж байгаа, цаашлаад эрүү шүүлтийн хэрэг бол зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хоёрт хамаатай. Эрүү шүүлтийн хэлбэрийг Эрүүгийн цагдаа болон эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг субьектууд эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө шалгаж байгаа хүнээ айлгаж, дарамталж, сүрдүүлдэг, хүч хэрэглэдэг тохиолдол бий. Гэхдээ энэ нь цөөхөн.

-Танай хагас жилийн тайланд тагнуулын ажилтантай холбоотой гурван хэргийг шийдвэрлэсэн гэсэн. Энэ ямар хэрэг байсан бэ?

-Тагнуулын ажилтан гэхээр гэмт хэргээс зайдуу байна гэсэн ойлголт байхгүй. Эрүүгийн хэрэгт холбогдсон тагнуулын байгууллагын гурван ажилтны хоёр нь танхайрсан бол нэг төрийн нууц задруулсан гэх хэргээр шалгагдсан. Жилд тагнуулын 2-3 ажилтан хэрэгт холбогддог. Шүүхээр орж ял авсан тохиолдол байхгүй байна.

-Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэг цагаадах тохиолдол их гардаг. Үүнийг хуулийн хүний зүгээс тайлбарлавал?

-Ийм үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгож байгаа асуудал бол мөрдөн байцаагчийн мэдлэг чадвар хангалтгүй байгаатай шууд холбоотой. Эсвэл ийм үндэслэлээр илт прокурор шүүхийн шатанд цагаадах юм уу, хэрэгсэхгүй болгож байвал энэ бас л  анхаарал хандуулах асуудал мөн.

Б.ЦОЛМОН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж