Дээрэмчдийн үхлийн тайлбарыг шаардав

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Дээрэмчдийн үхлийн тайлбарыг шаардав

Сомалийн далайн дээрэмчид. "Россия 24" сувгийн кадр

Сомалийн шилжилтийн түр Засгийн газар "Московский университет" танкерыг чөлөөлөх үеэр тусгай ангийнхны барьсан сомаличуудыг яагаад завинд суулган зүг чиг гаргах төхөөрөмжгүйгээр явуулснаа тайлбарлахыг  Оросоос шаардлаа. Өмнө нь далайн дээрэмчдийг тэнгист амиа алдсан байх гэсэн мэдэгдлийг Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч хийсэн юм.
Сомалийн Мэдээллийн яамны төлөөлөгч Абдирасак Адены (Abdirasak Aden) хэлснээр тус орны эрх баригчид танкерт баригдсан хүмүүсийг гэмт хэрэгтнүүд биш гэдэгтэй маргаагүй, харин тэд шударга шүүхээр шүүгдэх ёстой байсан гэжээ. Сомаличуудыг далайд буулган явуулахгүй байж болох боломж Орост байсан гэж тэр хэллээ.
Энэ сарын 5-нд "Московский университет" танкер Адены булангийн усанд байх үеэрээ далайн дээрэмчдэд эзлэгдсэн ба харин багийн 23 гишүүн хөлгийн хөдөлгүүрийг унтраан машинын өрөөнд түгжин хамгаалалт хийсэн байлаа. Тавдугаар сарын 6-ны өглөө Оросын "Маршал Шапошников" цэргийн хөлөг онгоц танкерыг чөлөөлөн нэг дээрэмчинг устгаж, 10 хүнийг барьсан байлаа. Дээрэмчдийн зэвсэг төхөөрөмжийг хураан тэднийг хийлдэг завинд суулгаад Сомалийн эргийн зүг явуулжээ. Харин тэд буцаж ирсэнгүй ажээ.
Сомалийн дээрэмчдийн дарга нарын нэг Иссе (Isse) мэдэгдэхдээ танкерыг чөлөөлөх үеэр баригдсан сомаличуудыг тавиагүй, харин тэднийг буудан хөнөөгөөд завинд ачин далайд хаясан гэжээ. Тэрээр “Одоо бид Оросын усан цэргийнхэнтэй тийм маягаар харилцана” гэж заналхийлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж