
Өнөөдөр шударгаар саналаа өгч, өөрийн итгэл үнэмшлээр төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө оруулах гэсэн Б.Цэгээ болон тус тойргийн олон зуун иргэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бусармаг үйлдлийг илчилж, гэрчилж байгаа. Харин дээрх хоёр эрхэм юу ч болоогүй мэт сууж буй. Өрх гэрийн үүдэн тэнгэрийг эвдүүлж, хохирсон эмэгтэйг худал хэлсэн гэж гүжирджээ. Хууль шүүхийн өмнө ч тэрээр буруудах нь бололтой. Иймд тэрээ төрийн тэргүүнд хандан захидал илгээсэн байна. Тэрээр захидалдаа “Миний орон гэрт мөнгө тараагч нар орж ирж, сонгуулийн штабын байр түрээслэх гэсэн хуурамч гэрээний маягтанд гарын үсэг зуруулах гэж, мөн надад 100000 төг өгсөн юм. Үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд цагдаа, хэвлэл мэдээллийнхэнд хандаж энэ үйлдэл буруу гэдгийг баримтжуулсан юм.
Гэтэл хууль хяналтын байгууллагууд, албан тушаалтнууд мөнгөтэй баян хүнд үйлчилж, жирийн иргэдийг доромжилж, гүтгэх үйл ажиллагаа явуулж байгаад харамсч байна. Гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг өөрийн “MBC” телевизээр иргэн намайг гүтгэж, миний нэр хүндийг гутаасан нэвтрүүлэг хийж доромжилсон юм. Би хүн гүтгээгүй, бодит үнэнийг гэрчлэн шударгаар хэлсний төлөө бүх талаар хохирч явна. Хэрэв би худал хэлж хүн гүтгэсэн бол, надад хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх хэрэгтэй. Энэ хоёр нэр дэвшигчийн буруутай үйл ажиллагааг шударгаар шийдвэрлэхэд, Монгол төрийн тэргүүн таныг дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж энэхүү захидлыг бичлээ” гэсэн байна. Мөнгө тараагч Н.Ариунтуяа нь ноён Б.Чойжилсүрэнгийн арван жилийн найз. Нэг ангийн андууд аж. Ийм атал АН-ынхны захиалгаар хууль зөрчсөн гэж мэдүүлсэн нь өдгөө илчлэгдэв.
Ерөнхийдөө дээд албан тушаалд чамгүй хугацаанд тухалсан хоёр эрхэм дахин сонгогдохын тулд зориудаар хийсэн булхай луйвар, хууль бус үйлдлээ нуун дарагдуулахаар ханцуй шамлан зүтгэж эхэлжээ. Тэдний хийж буй үйлдлийн тухай дүрс бичлэг, баримт цөөнгүй. Тухайлбал, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар зургадугаар сарын 17-ны өдөр иргэдэд 100-150 мянган төгрөг бэлнээр тарааж байсан. Нэр дэвшигчид өөрсдөө айлд зочлон мөнгө тараана гэж байхгүй. Тэд хөшигний ард сууж бусдаар үйлдүүлнэ. Бүр ил цагаан тарааж, МАН-аас нэр дэвшигчдэд санал өгөөрэй гэсэн утгатай гэрээ хүртэл байгуулж. Увс аймгийн оюутны холбооны тэргүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох нар нэр бүхий оюутанд 150 мянган төгрөг тарааж буй бичлэг юу хийснийг батална. Энэхүү үйлдлийнхээ төлөөсийг өгөхөөр туслахууд нь цагдаагийн хаалга татаад буй.
Харин иргэдийн санал хулгайлагчид гавьяа байгуулсан мэт төрийн түшээгийн тангараг өргөсөн. Магадгүй хууль зөрчсөн маань илрэхгүй, бид бүрэн эрхтэй боллоо шүү хэмээн тухайн үед баярлаж суусан биз.
Өдгөө тэд Увс аймагт байгаа. Хийсэн хэргээ баллуурдахаар арга заль хэрэглэж яваа нь тэр. Б.Чойжилсүрэнгийн хөрөнгө орлого нь хэдэн тэрбумаар тооцогддог. Иймд энэ насандаа идэж барахааргүй их хэмжээний хөрөнгө цуглуулсан болохоор хүүдийгээр нь тарааж, түшээ цолоо хадгалж үлдэн, дахин зөөлөн суухаар зүтгэсэн бололтой. Гарын арван хуруунаас хэтэрсэн олон компанитай түүнд группийн захирал хэмээх сэтэр, суудал нь хатуудаж, албан тушаал нь жижигдсэн тул ямар ч аргаар хамаагүй түшээ болохоор зүтгэж. Энэ цолд хүрэх хамгийн найдвартай арга нь сонгогчдын санал худалдан авах гэж тэрээр тодорхойлжээ. Үүнийг нь хийж хэрэгжүүлэх хүмүүс ч тодорхой гэсэн бодолтой байсан биз. Гэвч өнөөдөр тэдний хийсэн булхай түмэн олны өмнө ил болов.
Тэд гардан хийгээгүй ч удирдан зохион байгуулсан учир санал худалдаж авсан үйлдэл нь мэдээж хэрэг ялтай. Эрүүгийн хуу¬лийн 82.1 гэсэн зүйлчлэлээр хариуцлага хүлээх юм. Уг заалтад “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол 6-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Хуульд ийнхүү заачихсан учир одоо шүүхийн шийдвэрийг л хүлээх үлдэж байна.
Юутай ч, тус тойргийн хороонд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шүүх хурал нь ч тун удахгүй болох сурагтай. Нэгэнт баримт нотолгоотой учир тэднийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж хариуцлага тооцох нь лавтай. Хэргээ нуун дарагдуулж, өөрсдийн талд шийдвэр гаргуулчихгүй бол шүү дээ. Ирэх сарын дунд гэхэд худалдаа арилжааны зарчмаар сонгогчдын саналыг авч, хууль зөрчсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар шүүхийн өмнө толгой гудайлган зогсч, хийсэн хэргээ дэнслүүлэх нь.
Эх сурвалж: WWW.ASSA.MN