-Кино, клипэнд тоглох санал их ирж байна уу?
-Тийм ээ. Энэ зун олон урилга хүлээн авсан. Гэхдээ ажил ихтэй байсан учраас кино зураг авалтанд бараг явж чадаагүй. Саяхан нэг шинэ киноны бичлэгт явсан. Гэхдээ үүнийг үзэгчдээсээ нууцалж шинэлэг байлгамаар байна.
-Жүжигчин биш сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгох болов?
-Жүжигчин гэдэг бол агуу мэрэгжил. Надад хүнддэх юм шиг санагдсан. Гэхдээ л энэ мэргэжлийн асар том далайгаас дусал дуслаар би суралцсаар байгаа. Хүүхэд байхаасаа л сэтгүүлч болохыг хүсдэг байсан. Сэтгүүлч хүн хэнээс ч өөрийн мэдэхийг хүссэн зүйлээ асууж, асар өргөн мэдлэгтэй болж чаддаг. Аав ээж хоёрыг ажилдаа явах гэхээр дагаж гүйгээд “Би хамт зурагт руу явна” гэж орилдог хүүхэд байсан. Одоо бодохоор энэ мэргэжлийг хүүхэд байхаасаа л сонгочихсон юм шиг санагддаг.
-Аав, ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ?
-Аавыг Г.Энхтөр, ээжийг Н.Байгаль гэдэг. Хоёулаа найруулагч мэргэжилтэй. Аав “Ядуугийн зовлон”, ээж “Сарны нулимс” кино найруулсан. Багаасаа л кино урлагтай ойр өссөн. Хүүхдийн танин мэдэхүйн “Цоглог” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан. Миний бага нас телевизэд л өнгөрсөн дөө.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Шүлэг бичиж, сэтгүүл уншиж сонирхолтой олон зүйл хийдэг. Би сэтгүүл унших их дуртай. Сүүлийн үед манайд “Гоодаль”, “Космо”, “Кисс” гэх мэт маш сайн сэтгүүлүүд гардаг болсон. Шинэ сэтгүүл худалдаж авахаараа өрөөгөө цэвэрлэж, хувцсаа сольж, ширээгээ толийтол нь арчаад дээр нь сэтгүүлээ тавьж уутыг нь хүртэл цэвэрхэн урж аваад завсар нь хадгалж байгаад уншиж эхэлдэг. Хэрвээ сэтгүүлийн маань цуглуулганд хэн нэгэн хамаагүй хүрэх ч юм уу, хуудсыг нь шүлсдэж эргүүлэх юм бол маш их уурладаг.
-Найз залуутайгаа цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Бид хоёр нэг газар ажилладаг болохоор байнга л уулздаг. Одоо бол бид дөнгөж л эхэлж байгаа учраас үргэлж хамт байхыг хүсч, гадуур хамт алхаж, ажиллаж, бүх зүйлийг цуг хийгээд сайхан л байна. Хэсэг хугацаа өнгөрөх тусам бид нүдээ нээж бие биеэ бодитоор харж эхлэх байх. Тэр үеийг л залуу хос даваад гарч чадвал цаашид насан туршдаа бие биеэ сохор мэт хайрлаж чадна гэж би боддог.
-Залуус хайр гэхээсээ илүү мөнгөтэй хүнийг сонгодог болоод байгаа, энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Тийм ээ. Сүүлийн үед мөнгөтэй, байртай, машинтай л хүнтэй сууна гэж ярьдаг залуус мэр сэр ажиглагддаг болсон. Тэднийг бас буруутгах аргагүй. Өглөө босохдоо маргаашийн талхны мөнгө бодож сэрнэ гэдэг хэцүү. Гэхдээ баялагтай хүнтэй суухын тулд баялаг бүтээж чадах нэгнийг харахгүй өнгөрөөнө гэдэг хамгийн харамсалтай зүйл. Тэгээд ч баялгийг бүтээж чаддаг байж л гар дээрээ тогтооно. Түүнээс биш хэн нэгний бүтээсэн баялаг миний гар дээр тогтохгүй гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй.
-Гоо сайхандаа хэр их анхаарал тавьдаг вэ?
-Нүүрээ л сайн угаадаг даа (инээв). Миний арьс эзнийгээ их ойлгодог. Завгүй байдаг болохоор гоо сайхны бараа авч амждаггүй. Гоо сайханд ч орж үзээгүй. Уг нь бодоод л явдаг юм. Хувцасны хувьд ч гэсэн үнэтэй брэнд, загвар гэж мэдэхгүй ээ. Тэгээд ч залуу нас гэдэг сайн чанарын брэнд байна шүү дээ.
-Залуу хүн учраас том мөрөөдөлтэй байх, нууц биш бол хуваалцаач?
-Би дотроо л бодож явдаг болохоос хүнд хэлдэггүй. ”Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг үгэнд итгэдэг. Ямар ч байсан сонирхолтой, хөгжилтэй цэнгээнт нэвтрүүлэг хийхийг хүсдэг. Гэхдээ зүгээр л үзэгчдийг зугаацуулахаас гадна амрааж чаддаг тийм нэвтрүүлэг л хийнэ дээ.
-Үеийнхээ залуусыг харахад юу бодогддог вэ?
-Манай залуус цаг үеэ дагаж хөгжиж байгаа нь сайхан харагддаг. Гэхдээ соёл гэдэг чухал зүйлийг мартаад байх шиг санагддаг. Үнэтэй хувцас, тансаг хэрэглээтэй байлаа ч татсан тамхиныхаа ишийг хогийн саванд хийж чадахгүй бол ямар ч үнэ цэнэ харагдахгүй шүү дээ. Хот хөдөөгийн залуус хөгжлийн хувьд өөр байдаг ч соёлын хувьд ялгарах зүйл алга байна. Адилхан шүлсээ хаяж, хогоо чулуудаад байхаар хотын, соёлтой хүн гэж яаж ялгарах билээ. Энэ асуудал дээр их эмзэглэдэг. Гэхдээ манай залуус өөрсдийгөө боловсруулах талд анхаардаг болсон нь сайшаалтай санагддаг. Их хотын залуус соёлтой байвал бүх зүйл сайхан болно гэж хэлмээр байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин