Дулааны шугам засварыг хэдэн cap сунжруулах гэсэн юм

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Дулааны шугам засварыг хэдэн cap сунжруулах гэсэн юм

Засварын ажил энд тэндгүй өрнөж байгаатай холбогдуулан зам хаах болсон. Гэхдээ зам засварын ажил эхэлсэн мэт харагдах ч тэр нь дулааны шугам, сүлжээний засвар байгаа юм. Учир нь замын ажил хийхийн тулд эхлээд шугам, сүлжээг янзлах шаардлагатай байдаг аж.

Засвар хийхийн тулд шугамын уртын хэмжээгээр нүх ухах шаардлагатай болдог. Тэр нь иргэдийг бухимдуулах томоохон шалтгаан болоод байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Оргил рашаан сувиллын автобусны буудлаас ХААИС хүртэлх авто замын засвар. Шугамын засвар нэрээр ухсан 300 метр орчим урт нүх оршин суугчдын бухимдлыг төрүүлэх болжээ.

Хийгдэх ёстой замын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. Энэ талаар замын ажлыг хариуцагч «Түм арвижих» компанийн ажилтан О.Цэвэлмаагаас тодрууллаа. Тэрбээр «Замтай холбоотой нэг ч засвар хийгдээгүй. Дулааны шугам болон кабел шилжүүлэх ажил дуусахыг хүлээж, өдийг хүрлээ. Бид энэ ажлыг яаралтай дуусгахыг шаардаж байгаа. Шугамын засвар дуусахаар замын ажлаа эхлэх боломжтой болно.

Иргэддээ хандаж хэлэхэд дулааны шугам, сүлжээний засварыг замын ажлаас салгаж ойлгох хэрэгтэй» гэсэн юм. Гэтэл хэзээ дуусах нь тодорхойгүй дулааны шугам сүлжээний засварын улмаас оройн цагаар явж буй иргэд ухсан нүхэнд унаж, бэртэх нь элбэгшжээ. Засварын ажил хийгдэж байгаа бол тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг зэргийг хийсэн байх шаардлагатай. Харамсалтай нь энэ асуудлыг орхигдуулсан бололтой.

Энд шөнө бүү хэл өдрийн цагаар ч явахад хэцүү харагдаж байлаа. Явган хүмүүс машинтай зэрэгцээд замын голоор алхахгүйн тулд ухсан нүхний наана цаана гаран, уул овоо шиг шороог туучин явж байв. Зөвхөн энэ орчмын зам ч биш зам засвараас улбаалсан ухсан нүх хаа сайгүй бий болсон. Угийн гэрэлтүүлэг муутай гудамжаар арай ядан явдаг явган зорчигчдод энэ нь улам хүндрэл үүсгэж байгаа нь тодорхой. Үүнд холбогдох албаныхан анхаарлаа хандуулж, иргэдийн зорчих нөхцөлийг бүрдүүлж, аюулгүй ажиллагааг хангахгүй бол гэмтэж, бэртсэн иргэд олшрохыг үгүйсгэх аргагүй юм.

О.Номин-Эрдэнэ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж