”Хөрөнгө оруулагчид шинэ ЗГ-ын бодлогыг хүлээж байна”

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

”Хөрөнгө оруулагчид шинэ ЗГ-ын бодлогыг хүлээж байна”

Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор зохион
байгуулдаг энэ жилийн "Discover Mongolia" чуулга уулзалт өнгөрсөн 10
жилийнхээ ажлаа дүгнэж байгаагаараа онцлог. Тиймээс өнгөрсөн хугацаанд
олсон ололт амжилт, тулгамдсан асуудалдаа тулгуурлан, цаашдын зорилгоо
тодорхойлж байгаа юм.
Тэгвэл Монголын уул уурхайн салбар цаашид ямар
байдлаар хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг ямар байдлаар татах талаар
Монгол Улсын анхны ерөнхийлөгч, чуулга уулзалтыг Зохион Байгуулах
Хорооны Тэргүүн П.Очирбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн 10 жилийн ажлаа дүгнэж, уул уурхайн салбар шинэ төвшинд шилжих талаар ярьж байна. Цаашдын зорилт ямар байх вэ?

-Энэ жилийн чуулга уулзалтаар өнгөрсөн 10 жилийнхээ ажлын үр дүнг
дүгнэж, цаашдынхаа зорилтыг тодорхой хэмжээнд дэвшүүлж байна. Өнгөрсөн
10 жилийн гол ажил маань ашигт малтмалын хайгуул, олборлолтод чиглэсэн
бөгөөд үүнд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт тодорхой үр дүнд хүрсэн.
Тиймээс цаашдаа хайгуул, ашиглалтаас боловсруулах аж үйлдвэрийн төвшинд
шилжиж, олборлосон уул уурхайн баялаг, ашигт малтмалыг эцсийн
бүтээгдэхүүн болгож боловсруулах талаар ярьж байна. Тухайлбал, зэс
хайлуулж, алт цэвэршүүлэн, төмрийн хүдрийг ган болгож, нүүрсийг
хийжүүлж, шингэрүүлэхээс гадна манайд урьд нь хэрэглэдэггүй байсан
шатдаг занарыг хийжүүлж, занарын тос үйлдвэрлэх, коксжих нүүрсийг
баяжуулах зэрэг олборлох чиглэл рүү оролцогчдынхоо анхаарлыг төвлөрүүлж,
хөрөнгө татсанаар дэлхийн болон бүс нутгийн зах зээл дээр эцсийн
бүтээгдэхүүнээрээ гаргах боломж бүрдэнэ. Ингэснээр оролцогч талуудад
ногдох ашиг нэмэгдэнэ. Мөн эдийн засгийн үзүүлэлт өсч, сайжирснаар ард
түмний амьдрал хэр хэмжээгээр дээшилнэ. Энэ бол шинэлэг хандлага.


-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарын ямар орчин
нөхцлийг хүсч байна. Олон улсын зах зээлд үнэ буурч байгаа учраас уул
уурхайн салбарт хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэж үзэж байгаа. Энэ байдал
Монголын хувьд яаж нөлөөлөх вэ?

-Дэлхийн уул уурхайн хөгжлийн хандлага болон бүс нутгийн гео эдийн
засгийн орон зайд Монголын уул уурхайн салбарын эзлэх байр, гүйцэтгэх
үүрэг ямар түвшинд байгаа, ямар түвшинд хүрч болох вэ гэдэг асуудал
анхаарал татаж байна. Мөн ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнийн
өсөлтийн мөчлөг дуусч, одоо үнэ буурах мөчлөг эхэлж буй энэ нөхцөлд
хөрөнгө оруулагчдын эрсдлийг яаж хамгаалах вэ гэсэн асуудал байгаа.
Дэлхийн зах зээл дээр хэдий үнэ буурч байгаа ч манай улсын хувьд
гадаадын хөрөнгө оруулалтын оролцоо нэмэгдэж байна. Гэхдээ гадаадын
хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж буй хоёр нөхцөл байдал бий. Үүний
нэг нь Монголын хууль тогтоогчид ашигт малтмалынхаа салбарыг хэр зэрэг
дэмжиж, эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх бол гэдгийг сонирхож байна.

Нөгөө нь шинэ Засгийн газрын бодлого ямар байх бол гэдгийг тодруулахаар
хүлээж байгаа юм. Эдгээрээс гадны хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа ч
Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулбал оролцогчдын эрх ашиг
харилцан ашигтай байдлаар хангагдах байх гэсэн итгэл үнэмшил тэдэнд
байна. Тиймээс хөрөнгө оруулагчид өргөн хүрээтэй оролцож байгаа болов
уу. Үүнээс дэлхийн зах зээлд эрдэс баялгийн бүтээгдэхүүний эрэлт ямар ч
нөхцөлд өндөр байдаг бөгөөд үүнийг хангах шаардлага бий гэдгийг харж
болно. Үүнийг хангах газар нь манай улс юм. Үүнтэй холботойгоор Монголын
баялгийг эргэлтэд оруулахаар хамтарч ажиллах гадаадын хөрөнгө
оруулагчид их байна.


-Манай улсын эдийн засгийн өсөлт, уул уурхайн баялгийн ашиг их байгаа ч
ядуурал буураагүй нь буруу зохицуулалттай холбоотой гэж үзэж байгаа.
Тиймээс Сингапур, Хонконг зэрэг улсууд шиг гадаадын хөрөнгө
оруулалтаараа маш хүчтэй дундаж ангийг бий болгох хэрэгтэй гэсэн санаа
чуулганы илтгэлүүд дээр гарч байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа мөртлөө ядуурлын түвшин буурахгүй
байна гэдэг үнэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг дундаж ангийг бий болгоход
зориулна гэдэг зөв санаа. Энэ бол амьдралын төвшин доогуур ядуу
иргэдийг дундаж төвшин рүү авчирч, ядуурлыг бодитойгоор бууруулах
хэрэгтэй гэсэн санаа юм. Өмнө нь бид уул уурхайн орлогоо халамж
хэлбэрээр тарааж, нэг ёсондоо зүгээр л идчихсэн. Энэ нь улс тэр чигээрээ
асрамжийн газар болж байна гэсэн үг. Ийм байж болохгүй. Тиймээс
халамжийн бодлогыг очих ёстой хүнд нь хүргэж, уул уурхайн орлогыг цацах
биш, ядуу иргэдийг өөрөө орлого олж, амьдралаа авч явах боломжоор нь
хангах хэрэгтэй юм. Ийм тохиолдолд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт
үр дүнгээ өгнө.

М.АРИУНСУВД
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж