Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс нь Камбожийн Вант Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бүс нутгийн хөгжлийн шинэ үйл явцтай уялдуулдан цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгааг нотлон илэрхийлэв.
Камбожийн Цог Жавхлант Ван Нородом Сихамони Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн хариу мэндчилгээг уламжилж, Камбож, Монголын ард түмнүүдийн найрсаг харилцааг хүндэлж явдагаа дурдаж, хоёр ард түмний хэлхээ холбоо, хамтын ажиллагаа цаашид өргөжин бэхжинэ гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлж Элчин сайдад ажлын амжилт хүсэв.
Итгэмжлэх жуух бичгээ барьсныхаа дараа Элчин сайд Т.Жанабазар Камбожийн Вант Улсын Үндэсний Ассамблейн дарга Хэнг Самрин, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны сайд Хор Намхонг, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Лонг Висало зэрэг албаны хүмүүстэй уулзаж Монгол, Камбожийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлаар ярилцав гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.