түүхэнд шилдэг үзүүлбэрүүдийн нэг байсан “Морьтны гайхамшиг” үзүүлбэр циркийн
манежнаа эргэн ирж, хөдөө орон нутаг, жуулчдад хүрч эхэллээ. Морьтны
гайхамшгийг БНСУ-ын Чэжү аралд үзүүлдэг байсан Монголын циркчид эх орондоо эргэж
иржээ. Энэ сайхан мэдээний эзэн бол “Хан Монгол” морин циркийн захирал Ш.Цогтхүү.
Аль биднийг хүүхэд байхад бөмбөгөр оройтой циркийн манежанд “Морьтоны гайхамшиг”-ийг
үзүүлдэг байсан эрхэм байлаа.
-Морьтны
гайхамшиг үзүүлбэр эргэн үзэгчдийн хүртээл боллоо гэж дуулаад маш их баярласан
шүү. “Хан Монгол” морин циркийнхээ тухай танилцуулахгүй юу?
-Моринд дуртай
монголчууддаа морьтны үзүүлбэрээ толилуулж байгаадаа баяртай байна. Манай
хамтлаг байгуулагдаад 15 жил болж байна. Үндсэн жүжигчид болон гишүүд 100 хол
давсан уран бүтээлчидтэй. Гадаадын олон оронд үзвэрээ зохион байгуулдаг. БНСУ-д
хоёр групп, Европод хоёр групптэй. Монголд нэг групп маань ирээд орон нутгаар
аялан тоглож байна.
-Морин циркийн жүжигчдийг
хэрхэн сургаж авдаг вэ? Циркийн бусад жүжигчдээс юугаараа илүү ялгаатай вэ? Морин
дээр акробатын үзүүлбэр хийх, нум сумаар харвах нь өөр шүү дээ?
-Монголчууд
ойлгохдоо морь сайн унадаг хүүхэд л морин циркийн сайн жүжигчин болно гэсэн
бодолтой байдаг. Би бол шал эсрэг бодолтой. Монгол хүн бол яс цуснаасаа морь сайн
унадаг. Би морь яаж унахыг заадаггүй. Морин дээрх эрдэм, жүжигчний биеийн
бэлтгэл гээд нарийн сургалт дээр нь ажиллах дуртай. Хүүхдүүдийнхээ сунгалт, акробат,
жүжигчний бэлтгэлийг сайн хангасныхаа дараа морьтой ажиллахыг заадаг. Хүүхдүүдээ
бэлтгэнгээ давхар морио бэлтгэдэг. Сургаж байгаа морин дээр хүүхэд өөрөө давхар
суралцаад явдаг. Ингэснээрээ хүн давхар мэдрэмжээрээ морин дээр акробат хийж
сурдаг. Манайх тийм хосолсон мэргэжил байдаг. Нэг талаараа урлаг боловч нөгөө
талаараа цэвэр морин спорт л доо. Манай үзүүлбэр морин дээрх харваа багтдаг.
Тэр бол Монголын өнө эртний уламжлалт үндэсний спорт. Монголчууд дэлхийн талыг
байлдан дагуулж явахад жинхэнэ гол үүргийг гүйцэтгэж байсан хүмүүс бол морин
харваачид. Хэрэгцээтэй үед довтлоод харвачихдаг, зугтааж байхдаа ч газраас
сумаа шүүрээд харвах жишээтэй. Энэ бол манай циркийн морин урлагийн үндэс
суурь. Үүнийг бид хаа ч очсон хүний нүүр улайхгүй байхаар хөгжүүлж, хийх нь
зайлшгүй бидний нуруун дээр байгаа ачаа юм. Үүнийг боловсронгүй болгож
хөгжүүлж, зөвхөн Монголдоо биш дэлхийд таниулан сурталчлахын төлөө зорьж
ажиллаж байна.
-Циркийн спортод хүүхдүүдийг
багаас нь сургаж жүжигчнээр авдаг шүү дээ. Мөн хурдан морийг ч гэсэн бага насны
хүүхэд л унадаг. Харин яагаад морин циркийн жүжигчдийг багаас нь сургадаггүй юм
бэ?
-Морин цирк бол
тамир шаардсан урлаг гэдэг утгаараа гарын тамир гүйцсэн хүн хийх ёстой. Морины
хөдөлгөөн дээр биеийн хөдөлгөөнийг зохицуулж авч явна гэдэг бага насны хүүхдэд
арай эрсдэл ихтэй. 13-16 насны хооронд хүүхдийн гарын тамир гүйцэж, өөрийгөө их
бага хэмжээгээр аваад явах чадвартай болдог. Хоёрт морин дээрээс буугаад үсрээд
гарахад бага насны хүүхэд бие жижиг учраас тушигдаад байдаг. 13 настайгаас нь
эхлүүлээд гурван жил сургахад 16 хүрэхдээ жагссан сайхан морин цэрэг болж
байгаа юм даа. Ер нь ямар ч урлагийн чиглэлээр дээд мэргэжлийн сайн жүжигчин
бэлтгэхэд дөрвөн жил зайлшгүй шаардлагатай байдаг. Одоогийн зах зээл, эрэлт
хэрэгцээний шаардлагаараа бид өөр системд шилжин түргэвчилсэн хэлбэрт шилжээд
байгаа. Морио сургах тал дээр ч адилхан. Жишээ нь бид социализмын үед гадаадын
оронд тоглохдоо морио аваад очдог байсан бол сүүлийн үед тухайн орон нутагт
очоод морийг нь сургаж, бэлтгээд тоглодог жишиг тогтосон. Тийм тохиолдолд бэлтгэлийн
хугацаа нэг сар гэсэн бол тухайн хугацаандаа багтаад морио сурган тоглолтод
оролцох хэмжээнд очдог. Дотооддоо гэхэд бид энэ зун Сүхбаатар аймагт зургаан
морьтой очоод аймгаас нь дөрвөн морь аваад тэднийг долоо хоногийн хооронд яг
өөрсдийн үндсэн морь шиг сургаад хамтад нь үзүүлбэрт гарах жишээтэй. Сургалт бол
ер нь цаг хугацаа, нөхцөл байдалтайгаа зохицоод илүү боловсорч л байгаа юм. Аливаа
зүйлд гаршиж, мэргэжих чиглэл рүүгээ илүү ажилладаг даа. Миний морин үзүүлбэрт
багтдаг бүжиглэж, ёслодог морьдын хувьд илүү нарийн, удаан хугацааны сургалт
байдаг. Нас бага шүдлэн, хязаалан адууг аваад нэг, хоёр жил сурган соёолон,
хавчиг болохын алдад жинхэнэ нарийн мэргэжлийн бүжиглэдэг морь болгох ёстой.
-Яг ийм чиглэлээр
хэдэн морийг сургаж байгаа вэ?
-Гурваас дөрвөн
адууг давхар бэлтгэж байна. Дан ганц морио бэлтгэх биш мөн дээр нь ажиллах
хүүхдээ давхар сургаж байна. Морин дээр ажиллах амаргүй шүү. Яг морины
характертай, үйл хөдлөлтэй, жүжигчин хүн дөрвөн мөчөөрөө ажилладаг ажиллагаа
ордог учраас давхар сургуулалт хийдэг. Манайх “Хан Монгол” морин цирк гэж
байгаа ч морин спортын бүх чиглэлээр хүүхэд бэлтгэнэ. Бид энэ зун морин спортын
бүх байгууллагуудтай хамтраад “Морьтон монголчууд” гээд урлаг спортын тоглолтыг
Хүй долоон худагт хийсэн. Түүний маань
гол зорилго 2016 оны олимпод морин спортын ямар нэгэн төрлөөр хүүхэд бэлтгэж,
цагаан хуудсаар ч хамаагүй оролцуулах явдал. Би зөвхөн циркээ хийнэ гээд
туйлшраад байхгүй. Морин тойруулгын саадтай харайлтын төрөл байна. Холын зайн
саадтай уралдаан байгаа. Монголд сайн цусны адуу их ороод ирчихсэн учраас
эдгээр төрлөөр гадаадаас сайн мэргэжилтэн авчраад хүүхдүүд бэлтгэх юм бол монголчууд
дэлхийд морин спортоор нэрд гарах хугацаа хол биш. Тийм ч утгаараа бид ирэх
2016 он хэмээн зорилт тавиад ажиллаж байгаа. Манай хамтлаг, клуб тус бүрдээ
морин спортын хүүхдүүд, морио тус тусдаа бэлтгээд хоорондоо тэмцээн уралдаан
зохиоё, тийм эрчимтэй хэлбэрээр үйл ажиллаагаагаа явуулцгаая. Өмнө нь ганцхан
Батлан хамгаалах туслах нийгэмлэг гээд морин спортынх, манайх гэхэд цэвэр
урлагаа хөөгөөд явдаг байсан бол одоо тэдэнд бид урлагийн төрлөө заана, тэд
бидэнд спортын төрлөөр заая. Сайн морьдыг цуглуулъя. Ингэж уралдаан, тэмцээн
ойрхон хийж хоорондоо өрсөлдөх юм бол дэлхийн тавцанд гарахад ойрхон юм бол уу
гээд ажиллаж байгаа. Ажил маань ч маш урагштай явж байгаа.
-Циркийн морийг
хэрхэн сонгодог вэ?
-Цирк гэдэг бол
урлаг. Циркчин морь нэгдүгээрт маш гоё адуу байх ёстой. Хоёрт сэргэлэн, цовоо
адуу байх ёстой. Манай циркийн гүйцэтгэлд монгол адууны бие жижигддэг. Эрлийз,
жаахан биерхүү адуу сонгож авдаг.
-Танай циркийнхэн
сүүлийн жилүүдэд БНСУ-д энэ морьтны үзүүлбэрээ үзүүлсэн. Тэр тухайгаа?
-Би БНСУ-д анх
гарч, үзүүлбэрээ дэлгэснээс хойш 15 гаруй жил болж байгаа. Хамгийн анх бусдын
эхэлдгээр эмээлээ үүрээд гарна гэдэг шиг хилийн дээс алхан хүний нутгийг зорьж
байлаа. Анх гадаадын морийг нутагт нь очиж сургадаг сургалт гэдэг чинь миний
гаргасан школ байхгүй юу. Солонгосын хойгт морьтой үзүүлбэрийг хийж байгаа бүх
хүмүүс миний шавь нар болон миний гараас гарсан хүүхдүүд. Одоо тэнд дөрвөн
групп ажилладаг. Гурав нь миний харьяалалд байдаг. Миний шавийн шавь нар гээд
100 хол давсан шавь нар Монголын морин циркийн урлагийг Солонгост сурталчлаад
явж байна. Монголчуудыг морьгүйгээр төсөөлдөггүй шиг, Солонгост морь унадаг хүн
бүр л морины тоглолт хийдэг гэсэн сэтгэхүйтэй болтол бид ажиллаж байна шүү дээ.
Би гурван жилийн өмнө 60 морьтны
шоу гээд “Чингис хааны догшин хар туг”
нэртэй 45 минутын жүжигчилсэн тоглолтыг тавьж байсан маань одоог хүртэл Чэжү
аралд тоглогдож байгаа. Тэр маань анхны гэрээгээрээ нэг жил хийнэ, явцын
байдлаас гэрээ сунгавал гурван жил ажиллана гэж байсан ч одоо дөрөв дэх жилдээ
сунгагдах гээд явж байна. Тэгэхээр хийж байгаа ажлын маань үр дүн хүмүүст
таалагдаад аятайхан байгаа юм болов уу гэж бодож байна. Дандаа гаднын оронд
өөрсдийн урлагийг сурталчилна гэдэг бол өрөөсгөл асуудал. Моринд дуртай
монголчууддаа энэ урлагаараа үйлчилж байгаадаа баяртай байна. Заавал гаднын
хүнд зориулах биш, монголчууд энэ үзүүлбэрээ үзэж, баярлаж, омогшиж, хамт
баярлаж байх ёстой юм болов уу.
-Та анх хэзээ
циркийн урлагт хөл тавьсан бэ?
-Би 1981 онд анх
цирктэй хувь заяагаа холбож байсан. 1982
онд циркийн сургуульд ороод 1985 онд төгсөөд мэргэжлийн жүжигчин болсон. Яг 30
гаран жил энэ урлагтай хобогдоод ажиллаж байна.
-Та сүүлийн 15
жил гадаадад байсан гэсэн. Яагаад анх гадагшаа гарах болов?
-Яг тэр үед чинь
маш хэцүү байлаа шүү дээ. Ихэнх хүмүүс биеийн амрыг хараад тайзны урлаг руу
урвасан, том үзүүлбэрүүд устаад алга болсон шүү дээ. Жонглер, акробат гэсэн
жижиг хэмжээний үзүүлбэрээр жүжигчид гадаад руу их явж байлаа. Малтай,
амьтантай том хэмжээний үзүүлбэрүүд үндсэндээ унтраад мөхлийн ирмэг дээр
тулчихсан байсан. Энэ үед тэнгэрээс харж үзсэн юм болов уу, надад мэргэжлээрээ
ажиллах санал ирсэн. Тэр нь ч надад үр дүнгээ өгсөн. Хүний нутагт очоод нутгийн
морьдыг нь сургаад тоглолт хийж эхэлсэн. Тэрнээс хойш өдий болтол ажиллаж байна
даа.
-Хүүхэд байхдаа
амралтын өдөр, томоохон баяраар циркт л очих дуртай байсан. Тоглолтын хөшиг
нээгдэн тэмээ, морь, нохой, тагтаа, сармагчинтай үзүүлбэрүүд гарч ирээд л
алиалагч нар үзүүлбэр дундуур үзэгчдийг хөгжөөдөг. Харин одоо хүүхэддээ цирк тийм байсан гэж
ярихаар харамсалтай санагддаг. Мэдээж циркчин хүн бүр л өөрийн гэсэн үзүүлбэрээ
өөрийн цирктээ тоглуулахыг мөрөөддөг биз?
-Цирк маань
хувьчлагдаад хувийн цирк болчихсон. Би хэдийгээр морин циркийн уран бүтээлч ч
гэсэн ганц үүгээрээ туйлшрахгүй амьтны цирктэй болох бодолтой байгаа. Одоо хоёр
чонын бэлтрэг, тэмээ, сарлаг гээд жижиг амьтад аваад, ирэх жилээс амьтны цирк
гэдэг утгаараа тоглолтоо хийнэ. Манай циркийн гол цөм нь морь байна. Гавьяат
жүжигчин, амьтан сургагч Амгалан,
Тунгалаг нар манай циркийн үндсэн жүжигнээр ажилладаг. Үнэндээ АСА цирк чинь
амьтангүй цирк болчихсон шүү дээ.
-Гурван жилийн
өмнө амьтанд ээлтэй цирк болсон шүү дээ…
-Адуу, мал,
амьтантай 20 гаруй уран бүтээлчтэй бүхэл бүтэн амьтан анги гээд байсан нь тэр
аяараа устсан шүү дээ. Амьтан ангийнхаа хуучин уран бүтээлчдийн буурин дээр
амьтны цирк гээд бууриа сэлгээд Өлзийт хороололд циркээ байгуулаад ажиллаж
байгаа.
-Танай цирк
байгуулагдаад хэр удаж байгаа вэ? Хотод өөр цирк байгаа гэж мэдсэнгүй?
-Өлзийт хороололд
300 хүний суудалтай, манежтай, бүтүү цирк байгуулсан. Өнгөрсөн жил бид Монголд
циркийн урлаг үүсч, хөгжсөний 70 жилийн ойгоор Өлзийт хорооллынхоо циркт албан
ёсны нээлтээ хийсэн. Тэр зунжингаа гадаад, дотоодын жуулчдад зориулсан тоглолт
хийсэн. Энэ жил бүтэц, тохижилтын ажилдаа илүү анхаарлаа хандуулж, өнгөрсөн
хавраас шинэ элсэлт аван шинэ морь, хүүхэдтэй бэлтгэлээ хийж эхэлсэн. Ирэх
хавар зурагдугаар сарын 1 гэхэд бүүр цогц том амьтны цирк үйл ажиллагаа
явуулахаар бэлтгэж байна. Одоо хоёр дахь жилдээ
уран бүтээлээ хийгээд явж байна. Энэ зуны тухайд хөдөө орон нутагт,
хөдөөгийн ард түмэндээ морин циркийг үзүүлэхээр нэлээд шаргуу ажиллалаа.
-Яагаад
нийслэлийн үзэгчдэдээ зар тараан тоглолтоо хүргэхгүй байгаа юм бэ?
-Бид задгай шоу
тоглолт хэлбэрээр үзэгчдэд хангалттай тоглолтыг хүргэж байгаа. Миний мөрөөдөл
бол монголчуудад арай өөр юм үзүүлэх юмсан гэсэн бодол. Түүхий зүйл үзүүлэхээр
чинь байдаг л нэг цирк гэж дүгнэх учраас тэрхүү бодлоо гүйцэлдүүлсний дараа
нийтэд дэлгэхээр энэ удаад уран бүтээлээ жаахан хойш тавиад тохижилтондоо
анхаараад ажиллаж байна.
-Ирэх жилийн зурагдугаар
сарын 1-нд хүүхдүүд “Амьтаны цирк”-т зочлох нь ээ?
-Чоно, нохой,
ямаа, сармагчин, тэмээ, сарлаг, морьтойгоо амьтны цирк нээж, мөн тэдэнтэй
танилцаад явах орчныг бүрдүүлээд үзүүлэх санаатай байна. Хүүхдүүдэд зориулан
тэмээ, морь, сарлаг тэргээр хүртэл бяцхан аялал хийж болно шүү дээ. Нэг нь
тоглоод, нөгөө нь суугаад үздэг үе бол бараг хоцрогдчихсон шүү дээ. Өөрөө тэр
үйл явдалд оролцож үзэж, мэдэрч байж илүү сэтгэл хангалуун байдаг тийм нийгэм болчихсон
учраас тэр чиглэл рүү л илүү ажиллахаар төлөвлөөд байгаа юм.
Г.ДАША