Тавантолгойн хувьцаа ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцаа ямар үнэтэй вэ?

Ард түмний өмч байх ёстой хэмээдэг Тавантолгойн орд газрыг эзэмшигч төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компани төлбөрийн чадваргүй болж, богино хугацааны зээлээ төлж, үйл ажиллагаагаа тасалдуулахгүй байхын тулд төрийн хэмээн данслагдсан орд газрынхаа зарим хэсгийг худалдаж борлуулсан тухай цочирдом мэдээлэл гараад байгаа.

Монголчуудын байтугай дэлхийн анхаарлыг татаж, найдварын оч цацруулж байгаа Тавантолгой хэмээх орд газар үнэгүйдэж, хүчгүйдэж, мөхөсдөхийн ирмэгт ирээгүй байлтай гэж монголчууд найдахыг хүсч байна. Төр хэчнээн унхайгүй менежер байгаад, улстөрчид хэчнээн увайгүй загналаа ч Тавантолгой шиг баялаг ордыг тавиад туучих дээрээ тулахгүй гэж найдахыг хүсч байгаа. Дэлхийд дээгүүр  тооцогдох баялаг ордынхоо хувьд “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдөр төлбөрийн чадваргүй болов гэгдэж байгаа ч үүнийг даван туулах боломж байгаа гэж бас найдахыг хүсч байна.  Мэдээж хэрэг, тухайн үеийн засаг баригчид урьдчилгаа гэрээгээр орж ирсэн мөнгийг 21 мянган төгрөг болгоод тараачихаагүй байсан бол … гэсэн харууслыг түр орхиод шүү дээ.

Бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэх гэж улайрсан улстөрчид магадгүй дэлхийн зах зээлээс хөрөнгө босгоно хэмээсэн томхон найдварт дулдуйдсан ч байж болох. Нөгөө талаасаа эх орныхоо баялгийн эзэн болж хувь хүртэнэ гэж найдаж байгаа иргэдийн ч хамгийн тод томруун найдвар нь дэлхийн зах зээлд гараад үнэд хүрэн гялалзах хувьцаа. Тийм учраас өнөөдөр том маргаан дэгдээж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н өр зээл, төлбөрийн чадвар гэх мэт асуудлыг түр орхиод танд, надад хамгийн ойрхон бөгөөд хүлээлттэй байгаа хувьцааны асуудлаарх мэдээллийг хүргэе.

Яг одоо байгаа унхиагүй байдлаар бол Тавантолгойн орд газрын хувьцааг олон улсын зах зээлд гаргаж чадаж гэмээнэ нэгж хувьцааны үнэ 222-255 төгрөг, компанийх нь зах зээлийн үнэлгээ 2,5-4 орчим тэрбум ам.доллар болохоор байгаа. Засгийн газрын хөөрөлхөн зарлаж байснаар иргэн бүрийн 1072 хувьцаа нийлээд 933 мянган төгрөг болохын тулд компанийн зах зээлийн үнэлгээ дор хаяж 10 тэрбум ам.доллар байх ёстой байгаа юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-г зах зээлийн үнэлгээ энд хүрнэ гэдэг тэртээ хол мөрөөдөл мэт. “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байгаа хөрөнгө оруулалтын банкуудын үзэж байгаагаар иргэдийн хувьцаа улстөрчдийн амласан нэг сая төгрөг бус 385 мянган төгрөг л болохоор байгаа аж. Нэг сая төгрөгийн хувьцаатай хэмээн найдаж байгаа иргэд энэхүү бодит тоог сонсох юм бол хэрхэх бол?

Бүхнийг сайнаар, илүү өөдрөгөөр харах юм бол хувьцааны үнийг өсгөх боломжууд мэдээж байгаа. Мэдээж, үүнд компанийн үйл ажиллагааг сайжруулж, үнэлэмжийг дээшлүүлэх гэх мэт суурь чухал нь тодорхой. Мөн түүнчлэн IPO-г түргэн гарга гэж төдийгөөс өдий хүртэл тархидуулж байгаа компанийнхан чамгүй ажил хийж л байгаа гэдэг. Энд бас компанийн үнэлэмжийг дээшлүүлэх бас нэгэн арга хэмжээ байгаа аж. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-г Лондонгийн хөрөнгийн биржид Их Британийн ПЛС /UK PLC/ -ийн нэр доор гаргах юм бол Лондонгийн хөрөнгийн биржийн гол индекс FTSE-100-д багтаж манай Тавантолгойн хувьцааны үнэлэмж шууд өснө гэсэн гаргалгаа байгаа аж. Чамгүй нөөц, баялагтай ч өнөөгийх шиг  нэг алхалгүй өр зээлд баригдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-ийн нэрээр хувьцаа гаргахаас илүү хялбар бөгөөд өгөөжтэй гэж үзэж байгаа хэрэг. Гэвч үүнээс үүдэн Монголын баялгийг гадаадын компаний нэрээр “гадагш” гаргав гэсэн эх оронч тэмцэл, эгдүүцэл дэгдэж ч болзошгүй. Гэвч хувьцаагаа зах зээлд гаргаж үнэд хүргэх нь бүү хэл, орд газрынхаа олборлолтыг ч хийж чадахгүй өрөнд бариулчихаад байгаа улстөрчид хийгээд төрийн өмчит компанийн үнэлэмж ямар байх нь тодорхой байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ энэ бол хайж байгаа гарцуудыг бас нэг нь. Өөр ч олон ажил хийж, одоогийн амлаж байгаагаар 2013 оны дөрөвдүгээр сард гэхэд Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргаж чадах болов уу гэдгийг шинэ Засгийн газраас нэхэн хүлээх хэрэгтэй болох нь.
 
Мэдээж хэрэг энэ бүгдийн өмнө нь компани өнөөдрийн хэвээр төлбөрийн чадвар доройтсоор байх ахул хувьцаа гаргахыг хойшлуулах, бүхнийг сайнаар бодоод хувьцаа гаргая гэвэл Үнэт цаасны тухай шинэ хуулийг яаралтай батлан, Баруун Цанхийн асуудлыг цэгцлэх буюу хэдэн жил он дамжин яригдаж, дэлхийн хэмжээний хэрүүл дэгдээх дээрээ тулж байсан стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах, эсвэл бүр өмнөх гэрээ хэлцлүүдийг цуцлах эсэхийг шийдэх гээд үй олон том асуудлууд байгаа, яана даа…  

А.ТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж