Бүлэг байгуулах асуудал хурцдав

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Бүлэг байгуулах асуудал хурцдав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр МАН-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар нударга зөрүүлж, хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтийн өмнө танхайрав. УИХ дахь МАН-ын гишүүд бүлэг байгуулах тухай хүсэлтээ хэлсэн ч УИХ-ын дарга энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбарийг өгсөн. Үүнээс үүдэн гишүүдийн дунд маргаан дэгдэж, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Г.Баярсайхаыг чуулганы танхимаас дуудан гаргаад шанаадаж унагав. Үг хэлээр доромжилсон, цохьсон зодсон хоёрын хэн хэн нь уучлалт гуйхгүй гэсэн бөгөөд биесээ “гишүүний бүрэн эрхэд халдсан” хэмээн шүүхэд өгөхөө мэдэгдлээ. Тиймээс энэ талаар хоёр гишүүний байр суурийг хүргэж байна.

У.Хүрэлсүх: МАН-ын гишүүд  тэсэрч эхэлж байна

-Хэдийгээр чуулганы танхимд маргалдаж муудалцсан ч нэгнийгээ зодож танхайрсан нь ямар учиртай юм бэ?

-УИХ-ын чуулганы үеэр МАН-ын гишүүд саналаа хэлж, бүлэг байгуулах хүсэлтээ тавьсан. МАН сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн. МАН нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан. Ардчилсан нам, МАН-ын хувьд суудлын тоо тийм ч зөрүүтэй биш байгаа. Гэтэл намын бүлэг байгуулахгүй, хууль зөрчиж, УИХ-ын гишүүний эдлэх ёстой эрхийг нь хасч, байнгын хороодод оруулахгүй бүдүүлэг явдал болж байна. Бүр чуулганы нэгдсэн хуралдаанд ч үг хэлүүлэхгүй байна. Арай гэж үг хэлэхээр олонхийн бүлгийн гишүүд дайрч, доромжлоод байхаар зүйд нийцэхгүй байна. МАН хангалттай тэвчсэн. Тэвчээрт хязгаар гэж байдаг. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр би УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй маргалдсан. Гэтэл Г.Баярсайхан гишүүн хажуунаас орж ирээд намайг шоронд хийнэ гээд дайраад эхэлсэн. МАН-ын 200 мянга гаруй гишүүд бий. Тэднийг бүгдийг нь шоронд хий л дээ. Би эр хүнийхээ хувьд ийм зүйлийг хэзээ ч тэвчихгүй. Цаашдаа ч тэмцэх болно, МАН-ын гишүүд тэсэрч эхэлнэ. Би бол эр хүнийхээ хувьд ч намын гишүүнийхээ хувьд ч намаа хэзээ ч  хэнд ч доромжлуулахгүй. 

-Хэл амаараа учраа ололцож болоогүй юм уу?

-Г.Баярсайхан гишүүн шоронд хийнэ, шоронд хатаана гэх зэргийн тэвчишгүй үг хэлсэн. Тиймээс би тэвчилгүй очиж хэлэх үгээ бодож хэл гэсэн. Гэтэл миний өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би гараад ир, эр хүн шиг уулзъя гэсэн. Гэтэл гарч ирээд намайг заамдаж, боож унагаах гэж оролдсон. Би чинь бас эр хүн шүү дээ. Тэгээд өөрийнх нь хийсэн үйлдлийн хариуг нь барьсан. Миний хоолойг боож, цамцны товч хүртэл тасалсан.

-МАН-ын гишүүд тэвчээр нь алдагдаж, тэсэрч эхэлж байна гэлээ. Цаашдаа ч гэсэн нударгаар үзнэ гэсэн үг үү?

-Энэ байдлаар цааш үргэлжилбэл хүн чинь эрх чөлөөгөө эдлэх ёстой шүү дээ. Ард түмнийхээ 40 хувийн саналыг авчихсан байхад арай хэтэрхий доромжилж байна. Би холбогдох хүмүүстэй уулзана гэж бодож байна, УИХ-ын даргатай өнөөдөр уулзана. Энэ байдлыг ярина. Шаардлагатай гэж үзвэл, Ерөнхийлөгчтэй уулзана гэж бодож байна. Нэг зүйлийг хэлэхэд, УИХ иймэрхүү байдлаар цааш үргэлжилбэл үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжгүй болохоор байна. Үзэл бодлоо илэрхийлэхээр “Чамайг аваачиж шоронд хийнэ” гэдэг байж болох уу.

-Хоёулаа л заамдсан шүү дээ. Гэхдээ цохисон нь та, уучлалт гуйх ёстой биш гэж үү?

-Би буруу зүйл хийгээгүй болохоор уучлалт гуйхгүй. Харин тэр хүн надаас уучлалт гуйх ёстой. Үгүй бол би хууль хяналтын байгууллагаар явна.

-Бүлэг байгуулагдахгүй бол МАН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзана гэсэн яриа гараад байгаа?

-Хуулийн хүрээнд шийдэгдэх байх гэж бодож байна. Бүлэг байгуулахгүй байна гэж байхгүй. Гол нь Ардын намын бүлгийг байгуулахгүйгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталж авах, бусад олон асуудлыг өөрсөддөө ашигтай байдлаар шийдэхийн тулд л тоглолт хийгээд байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Бид бол Засгийн газар байгуулахаас эхлээд олон зүйлд хүндэтгэлтэй хандаж, аль болох улс орны ажил, төрийн ажил үргэлжлэх ёстой гэдэг чиг шугамыг барьж асуудалд хандаж байсан. Ардчилсан нам арай дэндүү доромжилж байна шүү дээ. Манай нийгэмд ийм доромжлол байж болохгүй.

Г.Баярсайхан: У.Хүрэлсүх гишүүнд ёс суртахуун гэж алга


-Гишүүд маргалдах асуудал олон гардаг. Гэхдээ гар зөрүүлэлгүйгээр хэл амаа ололцдог шүү дээ. Яагаад ийм болчихов?

-УИХ-ын чуулганы хуралдаан дээр би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Харамсалтай нь МАН-ынхан, ялангуяа, У.Хүрэлсүх гишүүнд ёс суртахуун алга гэж харж байна. 2008 оны сонгуулийн үр дүнгийн дараа таван залуусыг буудаж, олон мянган залуусыг шоронд аваачиж тарчлаах бол энэ хүмүүст юу ч биш юм байна. УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүний биед халдаж байгаа нь Монголын улс төрд байж болшгүй асуудал. Энэ бол маш том алдаа гэж хэлмээр байна.

-У.Хүрэлсүх гишүүн таныг элдэвээр доромжилж, салаавч гаргасан гэж яриад байна?

-Би салаавч гаргаагүй. Өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. УИХ-ын гишүүн чуулган дээр үгээ хэлэх эрхтэй шүү дээ. Түүнийгээ хэлсэний төлөө намайг гараад ир гэсэн. Гараад ирэнгүүт заамдаж аваад цохисон. Ийм л зүйл болсон.

-Та хууль хяналтын байгууллагад хандах уу?

-Би одоо У.Хүрэлсүх гишүүнтэй ярих зүйл байхгүй. Монголын төр хууль, цаазтай. Хууль хяналтын байгууллагад хандана. Эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж, хуулийн дагуу шийдүүлнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд олон нийтийн өмнө, УИХ-ын чуулганы танхимд халдана гэдэг байж болшгүй зүйл гэж бодож байна. Нэн даруй шүүхийн байгууллагад хандана.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж