-Танай бүлгээс хуулийн төслийн ямар заалтуудыг дахин авч хэлэлцэх шаардалагтай гэж үзсэн бэ?
-Чуулганы нэгдсэн хуралдаанаар аймаг, сум, дүүргийн тэргүүлэгчдийг сонгох хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ хуулийг дагаад нэлээн олон хуулийн төсөл дээр өөрчлөлт орох юм. Мэдээж Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг сайжруулах шаардлага байгаа. Энэ хуулийг яаж баталснаар Монголын төрийн дунд шатны бэхжилт, төсвийн оновчтой зөв хуваарилалт, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг хурдан шуурхай зохион байгуулах гээд олон зүйл шалтгаална. Энэ үүднээс бид аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлыг зохион байгуулахдаа намын оролцоог илүү түлхүү болгосон энэ концепци ер нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байгаа. Ялангуяа 340 орчим сумын 300 орчим нь хүн амын хувьд бага, жижиг сумд байгаа. Сумын иргэд ихэнхи нь мал аж ахуй эрхэлдэг, аж ахуйн соёлыг авч үзэхэд иргэд өөрийн оролцоогоор, өөрийнхөө үүсгэл санаачлагаар зохион байгуулаад явуулах бүрэн бололцоо байгаа юм. Заавал улс төрийн намын үүрэг нэмэгдүүлэх тийм ч зохистой биш болов уу гэж бодож байгаа юм. Өөрөөр хэлбэл,намын жагсаалтаар нэр дэвшүүлэх нь сумын хувьд байж болох зүйл мөн үү гэдгийг эргэн харах шаардлагатай гэж үзсэн. Энэ бол парламент биш, иргэдийн өөрсдийн төлөөллөө сонгох ажил учраас намын үүргийг нэмэгдүүлэх шаардалагатай эсэхийг бүлгийн хуралдаанаар ярилцах юм.
-Хуулийн төсөлд “сонгуульд оролцох нь иргэн хүний үүрэг” гээд заачихсан байсан. Энэ заалт дээр танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол байж болох зүйл. Төр байгуулах явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нэг талдаа эрхээ эдэлдэг байхад нөгөө талдаа үүргээ биелүүлдэг байх харилцаа учраас үүнийг шууд буруутгаж болохгүй. Гагцхүү суманд намын жагсаалтаар иргэдийн төлөөллийг сонгох нь байж болох уу гэдэг дээр нь завсарлага аваад байна. Үр дагавраар нь ч гэсэн бодох хэрэгтэй. Монголын нийгмийн орчин хэт их улс төржсөн байдалтай байгаа. Олон намуудад хуваагдсан, маш их намчирхдаг, нэг өрх, ах дүүгээрээ нэг намд хуваагдсан, эрх ашгийн төвлөрлөө хийж чаддагүй байдал байгаа. Ер нь бол орон нутгийн төлөөлөл өөрийнхөө мөн чанараар сонгогдох ёстой гэж үзэж байгаа. Ялангуяа сумын хувьд.