Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Шүүхийн шинэчлэлтэй холбоотой зургаан багц хуулийн нэг болох дээрхи хуулийн 13 дугаар зүйлд “Шүүхийн ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд түүнд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхээс томилсон тус бүр нэг хүн багтана” гэж заасан Гэвч энэ нь манай улсын хууль цаазын уламжлал, хөгжлийн хандлага, олон улсын жишигт нийцэхгүй байна хэмээн үзэж өнгөрсөн 2012 оны тавдугаар сарын 22-нд батлагдсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 13-р зүйлд Ерөнхийлөгч хэсэглэн хориг тавьсан байна.

Ерөнхийлөгчийн хоригийг чуулганаар хэлэлцэж эхлэхийн өмнө МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх санал гаргасан ч УИХ-ын дарга З.Энхболд “Анхдугаар чуулганы хэлэлцэх асуудлыг төлөвлөж байхад энэ асуудлыг оруулсан байсан ч даргын зөвлөлөөр хэлэлцэх үед яаралтай асуудал биш, ээлжит чуулганаар оруулах боломжтой гэж үзсэн. Даргын захирамж нэгэнт байхгүй тул УИХ-ын Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах боломжгүй”  гэдгийг тайлбарласан юм.

Уг хоригийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд олонхи нь хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн төслийг анх боловсруулах үеийн үзэл баримтлалд анхаарч, Дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооноос холбогдох хуулийн төсөл боловсруулан, нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэнийг чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Р.Амаржаргал нар “Хууль цаазын хөгжлийн уламжлал, олон улсын чиг хандлага” гэж чухам юу болохыг тайлбарлахыг хүссэн.

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх П.Цагаан энэ тухай “Шүүгчдийг шилж сонгох, шүүхийн бие даасан, хараат бус байдал, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй, Үндсэн хуулийн статустай ШЕЗ-ийн таван гишүүнийг таван өөр байгууллага санал болгохоор заасан байгаа. Ингэж тус тусад нь баталдаг практик, жишиг байхгүй,  харин нэр дэвшүүлдэг уламжлал бол бий. ШЕЗ 20 жил хуульгүй явж ирсэн. Шүүх бол улс төрийн бус мэргэжлийн байгууллага. Шүүхийн захиргаа шүүн таслах үйл ажиллагаа явуулахгүй, мэргэжлийн, бие даасан шүүхийг ажиллуулах боловсон хүчин. Захиргааны энэхүү байгууллагыг таван өөр субъект томилж байсан практик ерөөсөө байхгүй” гэлээ.

МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Төрийн эрх мэдлийн хуваарилалтын асуудлаар шүүхийн бие даасан байдлын баталгаа нь Ерөнхийлөгч болж, шүүгчдийг томилох эрхийг түүнд өгсөн. Шүүхийн байгууллага хараат бусаар ажиллах ёстой ч харилцан хяналт байх ёстой юм. Аль нь Ерөнхийлөгч, аль нь Засгийн газар, УИХ-аас томилогдсон нь хамаагүй. Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай юу эсвэл парламентынх уу. УИХ дээр шийдэж чадахгүй ажил болгоноо Ерөнхийлөгчид өгдөг болоод байна. Үндсэн хуулийн зарчим алдагдаж байна гэх шүүмжлэлийг хэлсэн.

Гишүүд саналаа хэлсний дараа Ерөнхийлөгийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хурааж, 64,9 хувиар хоригийг хүлээн авав. Үүний дараа хориг хүлээн авсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг баталж, Дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооноос холбогдох хуулийн төсөл боловсруулан, нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн.

Үүний дараа Орон нутгийн сонгуулийн хуулийн тухай төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч “Шударга ёс” эвслээс Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслөөр завсарлага хүссэн тул чуулганы хуралдаан түр завсарлалаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж