“Элгэнд наалдсан дэлүү” буюу ИЗНН

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

“Элгэнд наалдсан дэлүү” буюу ИЗНН

Ардчилсан нам улс төрд гуравдагч болох хүчнүүдтэй хамтран Засгийн газраа байгуулаад удаагүй байгаа ч энэ бүрэлдэхүүнээрээ хол явах эсэхэд нь эргэлзээ төрөм мэдээлэл хоёр хоногийн өмнө цацагдсан юм. Энэ нь ИЗНН Засгийн газраас гарах талаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай ширээний ард ярилцах гэж байна гэдэг мэдээлэл. Гэвч энэ мэдээлэл ташаа гэдгийг ИЗНН-ын дарга С.Оюун мэдэгдсэн. Гараанаасаа гарч амжаагүй шахам байхдаа бүдэрч мэдэх эмзэг нөхцөл байдалд буй Н.Алтанхуягийн Засгийн газар цаашид булаатай бөмбөг бүхий талбай дээр ажиллах гэж байгаагийн анхны сануулга дээрх “ташаарсан” мэдээлэл болов.

Хорин жил улс төрийн талбарт тэмцэлдсэн хуучны коммунистуудтай энэ удаад дахин хамтрахыг зарчмын хувьд тэвчээгүй Ардчилсан нам МАХН-ын эвсэлтэй Засгийн газраа хуваалцсан нь “луйварчдыг” биш “дээрэмчдийг” сонгосон хэрэг гэж ажиглагчид ёжилж байна. Өөрөөр хэлбэл, МАН ба МАХН ялгаагүй төдийгүй хоёр муугийн илүү мууг нь сонголоо гэсэн ёгтлол. Харин нөгөө хамтрагч нь ИЗНН.

Иргэний зориг нам улс төрд харьцангуй удаж буй гуравдагч хүчин. Ардчиллын төлөөх намуудын нэг. Өнгөрсөн хугацааны үйл ажиллагаагаараа үүнийгээ ч зарлан тунхагласаар ирсэн. Ардчиллын төлөө дуугардаг, авлига, хээл хахууль, хүнд суртлын эсрэг нийгмийг уриалан дууддаг гэх зэргээр үзэл санаа, итгэл үнэмшлийнх нь хувьд үнэлж ирсэн сонгогчид олон. Гэвч энэ хэрээр тус намын улс төрийн тавцанд эзлэх байр суурь, орон зайн хувьд тэлж томорсон уу?

Иргэний зориг нам парламентад нэг, хоёроос илүү суудал авч байгаагүйн шалтгааныг сонгуулийн хуультай холбон тайлбарладаг ч холимог тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүн ч өмнөхөөс илүү гарсангүй. Гэхдээ парламентад суудалтай намын хувьд гүйцэтгэх засаглалын төвшинд өмнө МАН-тай хамтарч үзсэн. Өнөөдөр АН-тай хамтрах гэж байна. МАН, АН-ын аль аль нь ийнхүү хамтрахаас халгаагүйн нэг шалтгаан нь яах аргагүй ИЗНН-ын дарга С.Оюун өөрөө. Улс төрд, төрд ашиглаж болох хүчтэй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн имижтэй улстөрчийнх нь хувьд С.Оюунаас сонсогчид төдийгүй үе үеийн эрх баригчид татгалзаж чаддаггүй. Чухамдаа С.Оюун гэх хувь хүний хүчин зүйл дээр түшиглэн Монголын улс төрд өдий болтол явж ирсэн Иргэний зориг намын улс төрийн тавцан дахь байрлал харин “элгэнд наалдсан дэлүү” гэмээр болчихож. Авч ч болдоггүй, хаяж ч болдоггүй эрхтэн шиг гэсэн дүгнэлтийг улс төр сонирхогчид өгөх болсон байна.

Сүүлийн хорин хоёр жилд болсон зургаан удаагийн чөлөөт сонгуульд Ардчилсан нам ба эвсэл ердөө хоёр дахь удаагаа эрх аваад байгаа нь энэ. Ардчиллын төлөөх намууд олон байсны хэрээр ардчилал хөгжсөнгүй. Мэдээж, үүнд олон шалтгаан, нөхцөл бий. Тэдгээрийн нэг нь ардчиллын төлөөх ууган хүчин Ардчилсан намын саналыг сонгууль бүрт бусад “жижгүүд” нь хувааж, хүчээ тарамдуулсаар ирсэн явдал. Тэр дундаа Иргэний зориг намын хуваасан санал өндөр хувьтай. Өмнөх сонгуулиудын статистикийг харахад олон тойрогт цөөнгүй тохиолдолд Иргэний зориг болон Ардчилсан намын нэр дэвшигчид саналаа хувааж, аль аль нь ялагдал хүлээж байсан байх жишээтэй.

Иргэний зориг нам цөөнгүй сонгуульд Ардчилсан намыг дэмжин оролцож байсан. Ингэх бүртээ үзэл санаа, итгэл үнэмшил нэг. Бид Ардчилсан намаас тасарч гарсан гэдэг үндэслэл хэлдэг. Харин Ардчилсан намын хувьд өөрөөс нь тасарч гарсанд Иргэний зориг намаар бахархдаг нь юу л бол.

Монголын улс төрд гуравдагч хүчин төлөвших, хол явах эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй. Гэхдээ цаг зуурт мандан гарч ирж байсан бусад гуравдагчидтай харьцуулахад улс төрийн намын хэмжээнд боловсорч, төлөвшсөн Иргэний зориг намын байр суурь уг нь улс төрд хэрэгцээтэйгээс гадна хэрэгтэй. Сонгогчдын зүгээс гуравдагч хүчнийг захиалсаар ирсэн. Энэ захиалгат орон зайг явцуу ашиг сонирхлын бүлэглэлд тавьж өгөлгүй хадгалж ирсэн гавьяа Иргэний зориг намд бий. Тийм ч учраас энэ орон зай руу нь санаархахдаа Иргэний зориг намтай эвсч нийлж, эргүүлээд хаяж байсан улстөрчид олон бий. Эцэст нь, эвдэж нэгдээд хол явахгүй, хаядаг, хаягддаг нэр хочийг намын даргын хувьд С.Оюун зүүгээд үлдэж байлаа. Хамгийн сүүлд Иргэний зориг нам Ногоон намын Д.Энхбаттай нэгдсэн, гэхдээ энэ амжилт дагуулсан нь юу л бол. Цаашид ч бас улс төрд орох гэсэн хэн нэгэнд гарц нээдэг талбар нь Иргэний зориг нам болох төлөв харагдаж буй. Иргэний зориг нам тухайн салбартаа нэртэй, мөнгөтэй, улс төрд хүсэлтэй хэн нэгэн нь орж гарч, гартаа бамбай болгон ашигладаг тоглоомын нам болчих вий гэдэг айдас олон хүнд төрөх болж.

Уг нь ардчиллын төлөө олон жил тэмцсэн Иргэний зориг нам карьерын хувьд өнөөдөр хамгийн өндөр амжилтдаа хүрээд байгаа байж ч мэдэх юм. Учир нь тэд өмнө нь өөрсдөөсөө итгэл үнэмшлийн зөрүүтэй намтай хамтарч байсан бол одоо ардчиллын анхдагч хүчинтэй хамтарч байна. Ардчилсан намыг “хорлохгүй” гэдэг ам, тангараг дор нэгдсэн гэж нийгэм ойлгож байгаа. Гэтэл гараанаасаа хөдлөө ч үгүй байгаа Засгийн газартай гэрээний явц, биелэлтийг ярилцана гэдэг мэдэгдлийг Иргэний зориг нам яагаад хийв?! Энэ удаад Иргэний зориг намын энэ “ташаарсан” мэдэгдэл лав олон нийтэд таалагдсангүй. Харин ч улс төрд энэ нам ямар үүрэгтэй вэ гэдэг асуулт илүү олон сонсогдсон учраас үүнийг бичлээ.   

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж