Хүн зодсон У.Хүрэлсүх гишүүн хариуцлага хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Хүн зодсон У.Хүрэлсүх гишүүн хариуцлага хүлээх үү?

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Г.Баярсайханы биед халдлаа. Улс төрийн өнцгөөр харвал энэ цохилтыг “стратегийн ач холбогдол бүхий” цохилт байлаа гэж дүгнэж болно. Энэ үйлдэл нь МАН-ын хатуухан гартай генсек гэгддэг байсан У.Хүрэлсүхийн сураг алдраад байсан “улаан хамгаалагч” алдрыг нь эргүүлэн авчрав. Мөн түүний энэ удаагийн цохилтод өртсөн ганц хүн нь Г.Баярсайхан болохоос биш Ардчилсан намынханд өгч буй “мэдэгдэл” мэт харагдаж байгаа. Харамсалтай нь түүний энэ үйлдэл хуулиар хориотой тул хариуцлага яригдах нь ойлгомжтой. 

Түгээмэл тохиолдлуудад ийнхүү бусдын биенд халдсан бол гурваас зургаан сар цагдан хоригддог. Олны анхаарлыг татсан тохиолдлоос нэрлэвэл Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавыг гурван сарын хорих ялаар шийтгэн ялыг нь эдлүүлж байсан юм. Уг нь бусдын биед халдах нь гэмт хэрэг. Гэвч нэг гишүүний халдашгүй бүрэн эрх, нэг хувь хүний эрүүл мэндэд халдаж буй үйлдэл үйлдэгдэж байхад Төрийн ордны хамгаалалтынхан телевизийн зураглаачдын камерийг алгаараа хааж сандралдахаас өөр зүйл хийж чадсангүй. Үүнээс үзвэл төрийн тусгай хамгаалалтынхан иймэрхүү тохиолдолд обьектуудаа хамгаалахааас илүүтэй болсон явдлыг аль болох нуун дарагдуулахыг чухалчилдаг аж.

Энэ тохиолдол харин халдашгүй эрхтэй нэг гишүүн нь өөр нэг халдашгүй эрхтэй гишүүний эрхэнд халдсан тохиолдол болж буй бөгөөд УИХ-ын ёс зүйн дэд хороогоор лав хэлэлцэгдэх нь лавтай. Ямартай ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ талаар “Их аварга ч байсан, УИХ-ын гишүүн ч байсан хүн зодсон л бол хууль тэдэнтэй ярина” хэмээн байр сууриа илэрхийлээд байна. Гэмт үйлдэл хийсэн эсэх талаар маргалдах нь одоо илүүц биз. Харин хууль УИХ-ын гишүүн, энгийн иргэдэд ялгамжтай үйлчлэх эсэхийг л харах үлдлээ.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж