Ингээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаас мэдээлж буйгаар найдугаар сарын 23-ны байдлаар энэ жилийн ургацын урьдчилсан балансын танилцуулгыг хүргэж байна. Энэ жил улсын хэмжээгээр 306.1 мянган га-д үр тариа, 16.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 32.3 мянган га-д тосны ургамал, 11.1 мянган га-д тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийжээ.
Ургацын урьдчилсан балансаар 481.0 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа ажээ. Энэ нь нэг га-гаас дунджаар 15.9 цн үр тариа, үүнээс 16.0 цн буудай, 128.6 цн төмс, 138.9 цн хүнсний ногоо, 8.8 цн тосны ургамал, 22.0 цн малын тэжээлийн ургамал хураан авах боломжийг бүрдүүлсэн талаар албаныхан онцолж байна.
Энэ жилийн хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 4-нөөс тавдугаар сарын 30-ны хооронд зохион байгуулсан аж. Зургадугаар сарын 15-25-ны өдрүүдэд тариалалтын чанарыг шалгасан байна. Ингэхэд, 12 аймгийн 295.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 82.9% нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна. Хавар тав, зургадугаар саруудад нийт нутгаар сэрүүн, долоогоос наймдугаар саруудад үргэлжилсэн бороо орсны улмаас тарианы болц урьд жилүүдийнхээс 7-10 орчим хоногоор оройтож болзошгүй байгаа гэнэ. Нийт ургацын 60-70 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үедээ, 30 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ орсон аж. Энэ нь цаг агаар харьцангуй тааламжтай байвал есдүгээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх боломжтой гэсэн үг юм. Харин наймдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Улаанбаатар хот орчим болон Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар цочир хүйтрэлт болж хяруу унасан тухай албаныхан мэдээллээ. Цаашид наймдугаар сарын 29-30-ны орчимд тариалангийн бүс нутгаар дахин хүйтэн бороо орж цочир хүйтрэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсны дагуу орон нутагт хяруунаас хамгаалах ажлыг эрчимжүүлэх чиглэл хүргүүлсэн ажээ. Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай аймагт нийтдээ 1168 га үр тарианы талбайн ургац мөндөрт цохигдсон байна.
Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 468.8 мянган тонн буудай хураан авахаас 2013 оны тариалалтад 47.3 мянган тонн, улсын үрийн нөөцөд 8.3 мянган тонн, тэжээлд 19.8 мянган тонн, спиртийн үйлдвэрт 7.0 мянган тонныг тус тус зарцуулах юм байна. Үндсэндээ гурил үйлдвэрлэлд нийтдээ 386.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх бөгөөд үүнээс Тариалан эрхлэлтийг дэмжих санд 160.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 226.2 мянган тонныг тус тус нийлүүлэх тооцоо гарсан ажээ. Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 161.0 буудайг нэмж тооцвол нийтдээ 547.2 мянган тонн буудайн нөөц бүрдэж буй юм байна. Монгол Улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 328.7 мянган тонн буудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2012-2013 оны хэрэгцээнээс 218.5 мянган тонн буудай илүүдэлтэй харагдаж байна.
Тариалалттай холбогдуулж:
Энэ жилийн тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь чанар сайтай явуулах зорилтын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал,
-Төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээг сурталчлах, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, тариаланчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Өвөрхангай аймагт тариаланчдын зөвлөгөөн, Архангай аймагт “Хангайн бүс 2012” техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж 13 аймаг, нийслэлийн 1800 гаруй иргэд, тариаланчдыг хамруулсан аж.
-Бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалах, тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийтдээ542 аж ахуйн нэгж, иргэнд 1622 тонн шатахуун, 132 аж ахуйн нэгж, иргэнд 2841 тонн буудайн үрийг тус тус 30 хувийн урьдчилгаатайгаар гэрээ байгуулан зээлээр олгосон байна.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төмсний зориулалттай өндөр хүч чадлын тракторын есөн иж бүрдэл, хоёр мөрийн төмс ухагч 41 ширхэг, мөр хоорондын сийрүүлэгч 34 ширхэг, өрхийн үйлдвэрлэлийг механикжуулах зорилгоор бага оврын төмсний иж бүрдэл 190 ширхэг, хүнсний ногооны иж бүрдэл 160 ширхэгийг тус тус нийлүүлсний зэрэгцээ үр тариа хураах 23 комбайныг ургац хураалтаас өмнө нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ.
-БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр малчид тариаланчдад зориулан 8400 ширхэг бага оврын тракторыг иж бүрдлийн хамт нийлүүлэх ажил явагдаж өнөөдрийн байдлаар 2280 иж бүрдэл нийлүүлэгдэж эзэддээ очоод байна. Мөн энэхүү зээлийн хөрөнгөөр нэмж алслагдсан бүс нутагт нийлбэр багтаамжаараа 75.0 мянган тоннын багтаамжтай иж бүрэн үр тарианы элеватор 5, үр тарианы комбайн 48 ширхэг, өндөр хүчин чадлын трактор 132 ширхэг, 8 тоннын даацтай чиргүүл 90 ширхэг, эрдэнэшишийн үрлүүр, комбайн тус бүр 10 ширхэгийг нийлүүлэх ажил хэрэгжилтийн шатандаа явагдаж буй аж.
-Үтрэмийн аж ахуйд техникийн шинэчлэл хийх, технологийн дэвшилд нийцсэн агуулах барьж ашиглалтад оруулах зорилгоор 300, 500 тоннын багтаамжтай босоо төмөр элеватор 50 ширхэгийг нийлүүлж аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлснээр буудай хадгалах агуулахын хүч чадлыг 20.0 мянган тонноор нэмэгдүүлсний зэрэгцээ Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд дутуу баригдсан 36.0 мянган тоннын элеваторыг Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр засварлаж ашиглалтад оруулах ажлыг эхлүүлээд байна.
-Ургацын чанарыг сайжруулах, өвчин хортонтой тэмцэх ажлын хүрээнд 9.0 мянган литр үр ариутгалын бодис, 103.6 тонн үр тарианы гербицид, 410.0 мянган литр уриншийн гербицид, 1500 тонн эрдэс бордоог аж ахуйн нэгж, иргэдэд 40 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох ажлыг авч хэрэгжүүлсэн гэнэ.
-“Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж 82.8 тонн үрийн төмс, 2.2 тонн төрөл бүрийн хүнсний ногооны үр, 50.7 мянган метр квадрат хүлэмжийн нийлэг хальс, 41 ширхэг бага оврын бороожуулагч, 16 иж бүрдэл дуслын усалгааны төхөөрөмж, 80 ширхэг ногооны гар үрлүүр, 76 тонн био бордоог тус тус нийлүүлж аймаг орон нутгийн ногоочид, хоршоо нөхөрлөлд хуваарилан олгосон байна. Хөтөлбөрийн хүрээнд “Ногоон хувьсгал, чацаргана-2012” улсын үзүүлэх сургалтыг наймдугаар сарын 8-12-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн 10 дүүргээс 150 гаруй ногоочин, жимс тариаланчид оролцож харилцан туршлага солилцжээ.
-Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулж 54 төсөлд 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн байна.
-Зоорийн аж ахуйн хөгжлийг дэмжих, төмс, хүнсний ногооны хадгалалтыг сайжруулах зорилгоор 50-500 тоннын багтаамжтай зоорь шинээр барих 23 төсөлд 1.2 тэрбум төгрөгийн, 500-гаас дээш тоннын багтаамжтай зоорь шинээр барих 12 төсөлд 4.9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлээд байгаагийн зэрэгцээ хүн ам төвлөрсөн хот, суурин газрыг түшиглэн 20.0-30.0 мянган тоннын багтаамж бүхий орчин үеийн иж бүрэн механикжсан зоорь шинээр барих төслийн сонгон шалгаруулалт явагдаж шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан ажээ.
-Хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд манай орны байгаль цаг уурт зохицсон нийтдээ 3 төрлийн 60.2 мянган метр квадрат талбай бүхий 745 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж нийлүүлж 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 400 гаруй иргэдэд олгожээ.
-“Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд жимс, жимсгэний суулгац үржүүлэгчдийг дэмжих, тариалах талбайг нэмэгдүүлэх зорилгоор 240 га талбайд тариалах 682.8 сая төгрөгийн өртөг бүхий 300.0 мянган ширхэг чацарганы суулгацыг нээлттэй тендер зарлан дотоодын үйлдвэрлэгч гурван аж ахуйн нэгжээс худалдан авч, төсөл сонгон шалгаруулах замаар 15 аймгийн 279 иргэн, аж ахуйн нэгжид таван жилийн хугацаатай зээлээр олгожээ. Түүнчлэн энэ намар нэмж 440 га талбайд тариалах 1.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 550.0 мянган ширхэг суулгац худалдан авах тендер зарлан дүгнэж 4 аж ахуйн нэгжээс худалдан авахаар гэрээ байгуулсан зэрэг ажлуудыг хийсэн байна.
Улсын ургацын комиссын хурлаар Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр есдүгээр сарын 9-10, 20-24-ны өдрүүдэд хур тунадастай, уулархаг нутгаараа цас орох урьдчилсан төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг богино хугацаанд хаягдалгүй шуурхай зохион байгуулах шаардлагатай тухай санал нэгтэйгээр онцолжээ. Иймд ургац хураалтын ажилтай холбогдуулан дараах хэдэн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ажээ. Тухайлбал,
-Ургацын урьдчилсан балансаар энэ жилийн хувьд үр тарианы болц жигд бус, масс ихтэй, өнгөрсөн жилүүдийнхээс 7-10 хоногоор хожуу байгааг харгалзан нийт талбайн 80 орчим хувьд ангилан хадалт хийхээр байгаа тул техникийн бэлэн байдлыг хангах.
-Болцоос шалтгаалан үтрэм дээр нойтон тариа бууж цэвэрлэгээний ажилд хүндрэл учруулж болзошгүй байгааг анхаарч үтрэмийн техникийн бэлэн байдлыг хангах, ажиллах хүн хүчнийхээ тооцоог гаргаж БХЯ, БШУЯ-д санал тавьж ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх,
-Ургац хураалтад шаардагдах 5.6 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэх, зарцуулалтад нь хяналт тавьж ажиллах.
-Ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн засвар, жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг шуурхайлах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх.
Цаашдаа ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, шатах тослох материал, эрчим хүчээр найдвартай хангах, ургац хураалт, тээвэрлэлт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оролцож байгаа тариаланчид, механикжуулагчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, байр хоол, хүнсний хангамжийг сайжруулах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлага болон мэргэжилтнүүд үзэж байна.