Чуулга уулзалтын хамрах сэдэв цаг тутмаар хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн тогтолцоо ёсоор шинэчлэгдэн, “цусаа сэлбэж” байгаа гэнэ. Тухайлбал, чуулга уулзалтыг анх эх орондоо зохион байгуулах болсон зорилго нь Монголын уул уурхайн салбарыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалтыг татах байсан бол одоо гадны орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллахад түлхүү анхаарах болжээ.
Чуулга уулзалтын талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Төр, олон нийттэй харилцах менежер Б.Батбилэгтэй ярилцлаа.
-Жил бүр “Дисковер Монголиа”-г зохион байгуулдаг болсныг хэн бүхэн мэдэж байгаа. Харин энэ жилийн чуулганы онцлог юу вэ?
-Энэ жилийн хувьд уул уурхайн салбарын цаашдын чиг хандлага, Монгол Улсын нүүр царайг илэрхийлэх салбараараа санхүүгийн зах зээлд хөрөнгө босгох арга замын тухай хөндөж, Дэлхийн уул уурхайн нийгэмлэгт Монгол Улсын эзлэх байр суурийн тухай тодорхойлж байгаагаараа онцлог гэж хэлж болно.
-Одоогийн байдлаар Монголын уул уурхайн салбарын чухам юуг нь сонирхох хандлага ажиглагдаж байна?
-Чуулга уулзалт дууссаны дараа бүрэн хэлж болно л доо. Монголын алт, зэс, нүүрсний орд газрууд сонирхол татаж байгаа нь тодорхой. Гэхдээ энэ жилийн хувьд нүүрсний орд газрыг дагаж байрладаг занарын хийн талаар гадаадын төлөөлөгчид ихэд сонирхож байх шиг байна. Занарыг шатааж, шингэрүүлж, үйлдвэрүүдийн шингэн бодис бэлтгэхэд ашигладаг. Мөн дулаан гарган авах явцад ашиглаж болно.
-Монгол Улсад уул уурхайн чиглэлээр хайгуул, олборлолт хийдэг хэдэн компани байдаг вэ?
-Өнөөгийн байдлаар Монгол Улсад хайгуул, олборлолтоор 1800 компани үйл ажиллагаа явуулж байна. 3900 гаруй хайгуул олборлолтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний 1000 нь буюу 90 орчим хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг, бөгөөд 260 гаруй уурхайгаас олборлолт хийж байна.
-Чуулга уулзалтын үр дүн ямар байдаг вэ?
-Мэдээж хэрэг аливаа үйл ажиллагааны үр дүнг хэн бүхэн сонирхдог. Харин уул уурхайн салбарын хувьд үр дүн нь өргөс авсан мэт дороо мэдрэгддэг зүйл биш. Доод тал нь гурван жилийн дараа үр дүн илт мэдрэгддэг юм. Ялангуяа уурхайн төслүүд дээр гадаадуудтай хамтарч ажиллахын тулд асар их хэмжээний судалгаа мэдээлэл, бодит ажил шаардлагатай. Өнгөрсөн жилийн тухайд Тайландын нэгэн компани манай чуулга уулзалтын талаарх мэдээллийг аваад хүрэлцэн ирж,Монголын уул уурхайн салбарын компаниудтай танилцсаны дүнд “Hunnu coal” компанийн хамгийн том хөрөнгө оруулагч болсон гэх мэт олон ажлууд бий л дээ.
-Монголдоо уул уурхайн салбарын хамгийн том уулзалт нь “Дисковер Монголиа” гэж хэлэхэд болох байх. Харин гадны чуулга уулзалтын төвшинд харьцуулбал…?
-Дэлхийн хамгийн том чуулга уулзалт нь Хайгуул, олборлогчдын жилийн чуулга уулзалт Канад улсын Торонто хотод жил бүрийн гуравдугаар сард болдог. Үүний жижгэрүүлсэн хувилбар нь “Дисковер Монголиа” шүү дээ. Үүний дараа дөрвөн жилд нэг удаа АНУ-д болдог “Mine expo” чуулга уулзалт ордог. Энэ бүгдэд манай улсаас заавал төлөөлөл оролцдог болсон нь Монгол Улсын нэр хүнд өсч буйн нэгэн илрэл юм.
-Монголын уул уурхайн салбарыг сүүлийн жилүүдэд нүүрсээр их хардаг болчихож. Өөр ямар бүтээгдэхүүн Монголын тэргүүн зэргийн бүтээгдэхүүн, нүүр царай болох боломжтой вэ?
-Нүүрсээс өөр бүтээгдэхүүн гэвэл, төмрийн хүдэр байна. Төмрийн хүдрийн хэрэгцээ шаардлага их болсон учир уурхайнуудыг ихээр нээж байна. Жишээ нь, Баруун хязгаарт, Говь-Алтай аймагт “Алтайн хүдэр” компанийн Хаяннуурын төмрийн хүдрийн орд, Дорноговь аймагт Элстэйн уурхай, Сэлэнгэ аймагт Бол төмөр, Ерөө гол, Дундговь аймагт төмрийн хүдрийн нэлээд хэдэн ордууд төмрийн хүдрийг олборлож байна. Өөр нэгэн бүтээгдэхүүн бол зэс. Үндсэндээ зэс, төмрийн хүдэр, нүүрс бол манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн нүүр царай гэж хэлж болох юм.
-Энэтхэг улстай хамтарч гангийн үйлдвэр барих ажил ямар явцтай байгаа вэ?
-Өнгөрсөн жил Энэтхэг улстай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Энэтхэгчүүд манай нүүрс, төмрийн хүдрийн ордыг түшиглээд баяжуулах гангийн үйлдвэр байгуулах юм. Энэ нь одоогоор судалгааны ажил хэлбэрээр л байна. Ийм үйлдвэр байгуулна гэдэг нь их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацааг шаарддаг жамаар судалгааг нарийн хийх шаардлагатай гэж үзсэн. Зөвхөн газрын өрөмдлөгийн судалгааны дүнг гаргах гэж гурван сар ажилладаг гэхээр ямархуу хугацаа, хөдөлмөр зарцуулдгийг харж болох юм.
-Дэлхийн эдийн засгийн байдал, нүүрсний үнэ зэргээс шалтгаалаад Монголын уурхайнуудад хүндрэлтэй байдал үүсч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа. Нэн ялангуяа манай гол экспортлогч болсон БНХАУ худалдан авалтаа багасгаж байгаагаас манай нүүрсний салбарын борлуулалт, олборлол буурч байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн болов уу?
-Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчим ёсоор манай улсын нүүрс олборлолт, экспорт хүлээлтийн байдалд байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж хэлж болно. Монгол улсын худалдааны салбар дахь томоохон түнш нь Хятад. Тэгвэл Европын хямрал Хятад улсын үйлдвэрлэлийг нь эрс бууруулж, эдийн засагт нь сөргөөр нөлөөлж байна. Үүнийг дагаад Монголоос бүтээгдэхүүн импортлогч улс маань хямарч, эрэлт багасч байгаа учир ийнхүү хүлээлтийн байдалд байгаа.