Вьетнамын Үндсэн хуулийн өөрчлөлтөд амжилт хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Вьетнамын Үндсэн хуулийн өөрчлөлтөд амжилт хүслээ

УИХ-ын дарга З.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дэд дарга ноён Данг Динх Лиен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд З.Энхболд дарга “Шинэ парламентын анхны зочин та бүхний айлчлалд юуны өмнө амжилт хүсье. Манай улсад 4 жил тутамд УИХ-ын сонгууль явагдаж ард түмэн парламент дахь төлөөллөө сонгодог юм. Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгууль зохион байгуулагдсан. Шинэ парламент, Засгийн газрын үйл ажиллагаа жигдэрч байна. УИХ-д 76 гишүүн сонгогдож,  нэг намын 39 гишүүн олонхи болдог.  Энэ жилийн сонгуулийн үр дүнгээр олонхигүй парламент бүрдсэн байгаа. Тиймээс хамгийн олон суудал авсан нам нь бусад намдаа санал тавьж олонхио бүрдүүлсэн.  Вьетнам улстай манай улс эртнээс найрсаг харилцаатай. Та бүхний айлчлал хоёр улсын харилцааг улам бэхжүүлж дипломат харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэж байна. Манай парламентын гишүүд та бүхэнтэй туршлагаасаа харамгүй хуваалцах болно” гэв.

Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын мэндийг дамжуулсан ноён Данг Динх Лиен “Манай хоёр орон эртний сайн харилцаатай улс гэж бид үздэг. Франц, Америкийн эсрэг дайнд Монголын ард түмэн тусалж дэмжиж байсан түүхтэй. Олон улсын талбарт ч, худалдаа эдийн засгийн түвшинд ч хамтарч ажилладаг. Манай улсад сүүлийн жилүүдэд аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, ард түмний амьдрал ч дээшилж байгаа. 1980-аад оны үед Вьетнам хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг гадаад улс орноос авдаг байсан бол 2000 оноос хойш дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаад улсад эспортолдог болсон. Үндэсний Ассамблейн хувьд 500 орчим гишүүнтэй, 17 байнгын хороотой. Үндэсний Ассамблейн гол үүрэг нь хууль боловсруулах, тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад оршдог. Энэ оны сүүлээр Үндсэн хуулиа өөрчлөхөөр ажиллаж байна” гэв.

БНСВУ-ын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагджээ. Хөгжлийн явцад Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага гарсан учир Үндэсний Ассамблей ирэх саруудад хэлэлцсэний дараа 2013 оны эхээр ард түмнээрээ хэлэлцүүлж, улмаар ирэх оны зургадугаар сард Үндэсний Асамблейгаар дахин хэлэлцсэнээр 2013 оны төгсгөлд шинэчилсэн Үндсэн хуулиа батлахаар төлөвлөж байгаа гэдгийг төлөөлөгчид ярьж байв.

Уулзалтын төгсгөлд ноён Данг Динх Лиен ойрын хугацаанд Монголын парламентын төлөөлөгчид манай улсад айлчилж туршлагаасаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулиа өөрчлөх ажилд нь амжилт хүсээд урилгыг хүлээн авч холбогдох албаны хүмүүс айлчлалыг товлох болно гэдгээ мэдэгдлээ.

Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж