Струга яруу найргийн нэгэн үдшийг Монголын яруу найрагчдад зориулсан байв. “Орчин үеийн Монголын яруу найраг” хэмээх шинэ антологид Монголын 24 яруу найрагчийн шүлэг, намтар, зургийг дээжилэн Македон хэлээр хэвлэжээ. Түүнд Д.Урианхай, Ш.Дулмаа, Д.Бямбаа, Д.Нямаа, Н.Сүхдорж нарын ахмад үеэс эхлээд Ц.Бавуудорж, Г.Аюурзана, Х.Сүглэгмаа, Ц.Оюундарь, Г.Мөнхцэцэг, Ш.Лхамноржмаа, Г.Сонинбаяр зэрэг залуу яруу найрагчдын шүлгээс дээжилсэн байна. Мөн Монголын яруу найрагч Данзангийн Нямаагийн “Миний ертөнц” сонет, “Цэцгийн эрхи” яруу найргийн номыг Македони хэлнээ орчуулан хэвлэжээ.
Стругийн тайзнаа яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Дан.Нямаа нар шүлэг найргаа эх хэлээрээ уншиж, Намдагжанчивын Лийтэв хэмээх Македонид гуч гаран жил ажиллаж амьдарч буй уран бүтээлч Миландиновын “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” шүлгийг төрөлх хэлээрээ орчуулан уншсан нь тэр үдшийн нэгэн дурсгалтай мөч байв. 19-р зуунд уг хотод төрж өссөн Димитр Миладиновын алс хол Москва хотноо суралцах ахуйдаа эх нутгаа үгүйлэн санаж эгшиглэн шүлэглэсэн дээрхи шүлэг бол Струга Яруу найргийн үдшийн сүлд дуулал ажээ.
Энэ удаагийн Струга Яруу найргийн наадмын Алтан титэмийн шагналыг Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын яруу найрагч Монгани Валли Сероти хүртсэн бөгөөд түүний шагналыг тус улсын ерөнхийлөгч Жоржи Иванов хүндэтгэлтэйгээр гардуулахдаа өөрийн эх орныг яруу найргаар дамжуулан дэлхийд нээж, дэлхийн яруу найрагчдаар дамжуулан эх оронд нээж байна хэмээн хэлж байв.
Димитр Миладинов
Бүргэдийнх шиг далавчлах юмсан
Буйр нутаг руугаа би дүүлэн нисэх юмсан
Дассан уул ус төрөлх нутаг руугаа явах юмсан
Шамбалыг харна, төрөлх Куркушаа үзнэ
Мандах нараа бас харна
Манай нутаг энэ газрынх шиг ийм харанхуй биш ээ,
Хэрэвзэй наран ийм туниагүй бүүдгэр байвал
Хэрэвзэй эндэхийн наран сулбагар гэрэлтүүлвэл
Би алсын аяндаа дөрөөлөх болно
Би өөрийн эрэг рүүгээ нисэх болно
Одод шигтгэсэн оёоргүй хөх тэнгэртэй
Охьюу наран гялалзах өөрийн нутаг руугаа!
Одоо энд эргэн тойрон хав харанхуй,
Орчлон дэлхий мананд живээд бүрэнхий
Жавар тачигнаж, шамрага хаялана.
Цасан шуурга, нүдгүйлэн манарна
Зүг бүртээ манан, мөстлөг,
Зүрх сэтгэл хүйтэн, бодол харанхуй.
Үгүй ээ, би энд байж чадахгүй нь.
Үгүй ээ, энэ жавар, мананд байж чадахгүй нь.
Надад жигүүр ургуулаач. Би далавчлая!
Өөрийн эх нутаг рүүгээ дүүлэн нисье.
Өөр лүүгээ, төрөлх газар руугаа
Охридоо руугаа, Струга руугаа нисье.
Тэнд наран ургахдаа зүрх сэтгэлийг дулаацуулдаг
Тэнд наран жаргахдаа хөвчийн ойгоор гэрэлтдэг нь,
Дэлхий ертөнц нь дээдсийн хишигээр заяасан
Дэндүү төгөлдөр бэлгэ, билгийн гайхам сан
Салхин яралж, цагаан цацраатай нуур
Саруул тунгалагаар цэнхэртэх үзэмж,
Эргэн тойрон уулс, тал алиныг ч харсан
Энгүй төгс гоо сайхан бурхадын бүтээл буюу.
Элэг зүрхнийхээ гүн цээлээс Кавалаа эгшиглүүлнэ, би
Ээ, энэ наран шингэх аваас би үхнэ.