Москвагийн оюутнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Москвагийн оюутнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын Монгол оюутны хөгжлийн төв хамтран Эх орны дайны ялалтын 65 ойн баярыг тохиолдуулан Оросын их, дээд сургуулиудад суралцаж байгаа монгол оюутнуудын дунд сагсан бөмбөгийн  тэмцээн зохион байгууллаа. Тэмцээн Москва хотын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн спортын цогцолборт тавдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болсон юм. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа  энэхүү тэмцээнд нийт 23 баг тамирчид оролцжээ. Тэмцээн шударга, ширүүн өрсөлдөөн,  оролцогчид болон хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг догдлуулсан уур амьсгалд болж өндөрлөсөн байна.  Эрэгтэй баг тамирчдаас аваргын алтан медалийг Эрхүү хотын Зам тээврийн их сургуулийн баг, Аюулгүй байдлыг хангах албаны академийн нэгдүгээр баг,  Москва хотын  Зам тээврийн их сургуулийн баг тамирчид мөнгө хүрэл медиалийн эзэд болсон юм. Харин Эмэгтэй сагсан бөмбөгчдөөс Москва хотын Авто-замын их сургуулийн баг аваргын алтан медаль, Москва хотын  Санхүүгийн академийн баг мөнгөн медаль, Дон дахь Ростов хотын  баг хүрэл медалийг энгэртээ зүүлээ. Тэмцээний  Шилдэг тоглогчийн шагналын эздээр Дон дахь Ростов хотын эрэгтэй багийн тамирчин Н.Нацагдорж, Орос Улс түмний найрамдлын их сургуулийн тамирчин Б.Танан нар тодорсон  байна. Тэмцээнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, УБТЗ-ын Москва дахь төлөөлөгчийн газар, Монголын оюутны спортын холбоо тус тус ивээн тэтгэсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж