Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягтай ярилцлаа.
-Олон улсын бага хурлын зорилго юу вэ?
-Олон улсын нийгмийн хамгааллын нийгэмлэгт манай улс гишүүн болсноос хойш нийгмийн даатгалын чиглэлээр анхны уулзалт семинар болж байна. Азийн улс орнуудын хувьд ялангуяа хөгжиж буй орны хувьд нийгмийн даатгалын хамралтыг хэрхэн бий болгох, харилцан туршлага солилцох, олон улсын ямар аргаар нийгмийн бүхий л давхрагыг хамруулах талаар харилцан ярилцаж байна. Эндээс өөр өөрийн улс оронд тохирсон арга олж авахад дөхөмтэй байна.
-Манай улсын нийгмийн даатгалын хамралт хэр байна вэ?
-2011 оны эцсээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хамралтыг тооцвол 99 хувь байна. Үүн дотроо тэтгэврийн даатгалд хамрагдалтыг авч үзвэл хөдөлмөрийн насны хүн амын 69 хувь буюу 700 орчим мянган хүн шимтгэл төлсөн байна. Ажлын байр ихээр нэмэгдэж байгаа болон Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарч ирж буй энэ үед бид нийгмийн даатгалын хамрагдалт, эдийн засгийн өсөлтийг нийгмийн хамгааллын бодлоготой илүү уялдуулах арга замаа одооноос анхаарах нь бодлогын асуудал болсон.
Үе үеийн Засгийн газрын анхаарал татсан асуудал бол нийгмийн хамгаалал үүн дотроо нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх гэсэн бодлого байсан. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч нийгмийн даатгалын шинэчлэл дээгүүрт орж байгаа гэж бодож байна.
-Гадаад улсад ажиллаж байгаа монголчууд тухайн орны хуулиар нийгмийн даатгал төлж байгаа. Харин тэр хүмүүсийн төлсөн даатгалын шимтгэл эх орондоо ирэхэд хүчин төгөлдөр байж чаддаг уу?
-Гадаад улс оронд ажиллаж байгаа монгол иргэд олон бий. Нийгмийн даатгалын зүгээс тэдгээр иргэдийг Монголдоо буцаад ирэхэд тэтгэврийн асуудлыг таслахгүй байх тал дээр анхаардаг. Гадаадад байгаа иргэд тухайн улсын хуулийн дагуу ажиллаж, амьдарна. Хэрвээ тухайн улс Монгол улс хоёрын хооронд нийгмийн хамгааллын салбарт гэрээ хийгдсэн тохиолдолд гадаадад ажилласан монгол хүний төлсөн шимтгэл Монголд ирээд хүчин төгөлдөрт тооцогдох, шимтгэл нь Монголд шилжин ирэх боломж байдаг. Гэхдээ тухайн улсын тэтгэврийн тогтолцоо ямар байна вэ гэдгээс хамаарч гэрээ хийнэ. Тухайлбал, БНСУ бүрэн хуримтлалын тогтолцоо руу орсон. Тэнд ажилласан хүмүүс Солонгоын хуулийн дагуу шимтгэл төлсөн бол Монголд ирэхэд шимтгэлийн мөнгө дагаж ирдэг. Харин ОХУ болон Казахстан улстай 1989 онд гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээний дагуу тухайн улс нь өөрөө хуримтлалтын биш хуваарилалтын тогтолцоо буюу эв санааны нэгдлийн тогтолцоотой. Тиймээс тухайн улсад ажилласан жил нь манай улсад ажилласан жилтэй хамтарч тооцогдох гэрээ юм. Мөн Бүгд Найрамдах Унгар улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ хийсэн. Энэ гэрээ хэрэгжээд эхэлсэн. Мөн Чех улстай хийх гэрээ төгсгөлийн шатанд явж байна. Мөн бусад оронтой гэрээ хийхээр яригдаж байна.
-Нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах гэрээтэй хэдэн улс байна вэ. Хэчнээн хүн нийгмийн даатгал төлж байна?
-Бүгд найрамдах Солонгос, Унгар, ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудтай хийсэн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хөдөлмөрийн гэрээгээр Солонгост ажиллаж байгаа 10 гаруй мянган иргэний 8000 нь нийгмийн даатгалын гэрээтэй ажиллаж, даатгал төлж байна.
-Малчдыг сайн дурын даатгалд хамруулах ажлыг хэрхэн эрчимжүүлэх вэ?
-Малчдыг сайн дурын даатгалд хамруулж байна. Олон удаагийн сургалт ч явуулж судалгаа хийсэн. Гэхдээ нийгмийн даатгалд хамруулах нэгдсэн нэг шийдэл гаргаж ирээгүй байна. Бусад албан секторд ажиллаж байгаа хүмүүстэй малчид нэг хуулиар, нэг тэтгэврийн даатгалын тогтолцоонд хамруулах нь зохимжгүй байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин