Монголын олон сайхан бүсгүйгээс хамгийн сайхнаар нь шалгарна гэдэг олон зүйлээр давуу байхын нэр. Царай зүс онцгой сайхан, бие хаа үлэмж тэгш, ааш ааль ялдам, эрдэм ухаан төгс, энэрэнгүй нигүүлсэнгүй гээд олон шинж чанараар өрсөлдүүлж шалгаруулах ёстой. Улс үндэстнийхээ бусдаас ялгарах давуу талыг мэддэг, бусдад ойлгуулж таниулж чаддаг, гадаад үзэмж тансгийн зэрэгцээ дотоод сэтгэл сайтай, аль ч талаас нь аваад үзэхэд сайхан монгол бүсгүй байх тийм эмэгтэйг монголчууд өөрсдийгөө төлөөлүүлэн “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд илгээх ёстой буй за.
Гэтэл саявтар Ордост болж өнгөрсөн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон Х.Баярмаагийн талаар олон нийт эерэг гэхээс сөрөг сэтгэгдэлтэй байгаа юм. Наад зах нь “Авьяаслаг мисс”-ийн номинацд үзүүлсэн бүжиг нь Монголын мисс өөрийн үндэстний имижийг илэрхийлэх монгол бүжгээ хийсэнгүй, хошин шогийнхон тайзан дээр маарзганаж байгаа юм шиг эв хавгүй, утга учир багатай хөдөлгөөн бүхий бүжиг хийлээ хэмээн ам өрсөн шүүмжлэв. Шүүмжлэх нэг хэрэг, оролцох, оролцуулахаар илгээх гэдэг нарийн менежмент шаардсан нэр хүндтэй ажил баймаар. Дахин ийм явдал гаргахгүйн тулд монголчууд “Монголын мисс”-ээ хэрхэн тодруулж байх ёстой юм бэ.
Манайд 1990-ээд оноос эхлэн “Монголын сайхан бүсгүй” уралдааныг зохион байгуулж ирсэн. Энэхүү улсын чанартай уралдаанаас үүдэн “Хатан эрдэнэ” холбоог Ж.Чинбат хэмээх эрхэм санаачлан байгуулж, тэмцээнийг 18 жилийн турш тасралтгүй зохион явуулж ирсэн. Тус холбооны гол зорилго нь улс орны нүүр царай болсон охид бүсгүйчүүдийг ирээдүйдээ итгэлтэй, ухаалаг, боловсролтой, бүх талаараа үндэсний бахархал болж чадахуйц гоо сайхан эмэгтэй болгон төлөвшүүлэхэд оршдог аж. Ж.Чинбат гуайн бие чилээрхсэнээс болж жинхэнэ Монголын сайхан бүсгүй шалгаруулдаг гэж хэлж болох улсын хэмжээний томоохон тэмцээн тасарчээ. Тус тэмцээний тэргүүн миссүүд тухайн үедээ царай зүс, бие хаа, мэдлэг, авьяасаараа гайхагдаж байсан гэдэг. Уг тэмцээн нь зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш сүр дуулиантай наадам шиг болж, эх орны өнцөг булан бүрээс сайхан бүсгүйчүүд түүнд оролцох гэж удаан хугацаанд бие бялдраа бэлдэж оролцдог байсан юм билээ. “Монголын сайхан бүсгүй” тэмцээний жил жилийн тэргүүн миссүүдээс Д.Уянгалянхуа, Ч.Содтуяа, Б.Гантогоо, Ч.Сансармаа, Ч.Мичидмаа, Н.Мөнхцэцэг нарыг ёстой л мисс дээ хэмээн тухайн үедээ шуугьж байсан ажээ. Эдгээр бүсгүй өдгөө хувийн амьдралаа зохиож айл гэрийн сайн эзэгтэй нар болсон. Яагаад энэхүү “Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг онцлоод байна вэ гэхээр өнөөгийн тэмцээнүүдтэй, түүнээс тодорсон миссүүдтэй харьцуулахад илүү чанар чансаатай байсныг түүх хэлдэг гэдгийг сануулах гэснийх. Гэхдээ хувь бүсгүйчүүд бол хичээдэг ээ. “Дэлхийн мисс”-т Монголоос долоо дахь удаагаа сайхан бүсгүй эх орноо төлөөлөн оролцсон. Тухайлбал, “Дэлхийн мисс-2010”-т эх орноо төлөөлөн оролцож шилдэг 25-д багтсан амжилт үзүүлсэн А.Сарнайн амжилтыг үгүйсгэж огт болохгүй юм. Гагцхүү тэмцээний үндэсний хэмжээний зохион байгуулалт чанартай болохгүй байна.
Өдгөө “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн тасраад буй орон зайд болж буй мисс шалгаруулах хэд хэдэн тэмцээн байгаа ч зохион байгуулалт, чансаа, тодорч буй миссүүдийн байдал зэргээс харахад нэг л чамлахаар. “Miss international”, “Mongolian beauty”, “Азийн фото мисс”, “Face Mongolia”, “New face” гэх мэт мисс шалгаруулах тэмцээнийг өдгөө хэн үзэж, хэн охид бүсгүйчүүдийг шинжиж шалгаруулж байгаа юм бэ. Мэдээж зохион байгуулагчид санал нийлэхгүй эгдүүцэх байх. Гэхдээ уучлаарай та бүхний ажил нийгэмд ингэж л харагдаж байна.
Цаашдаа дэлхийд эх орныхоо нэрийг гаргах чанартай, чадварлаг гоо бүсгүйг үндэсний хэмжээнд хэрхэн тодруулж байвал зохих вэ. Монголын сор болсон гоо бүсгүйчүүдийн санаа оноог авах хэрэгтэй баймаар, жил жилийн гоо бүсгүйчүүд мэдлэг, туршлагаа хоорондоо хуваалцаж, үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулалт, шалгаруулалтад мэддэг, чаддагаа зориулах боломжийг нь олгох, төрөөс ч үүнд анхаарч, төсөв хөрөнгө гаргаж өгдөг болох зэрэг онцгой анхаарал тавих цаг болсон мэт. Дэлхийд Монголын сайхан бүсгүй гэдэг хэний охин хэн байхаас илүүтэй Монгол гэдэг улсын нэрийн хуудас болж дэлхийн тавцанд өрсөлдөх учир нийтлэг эрх ашиг, улс орны гадаад ертөнц дэх нэр төрөө гэх бодлогын асуудал билээ. Түүнээс биш цөөн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл энэ том арга хэмжээний өмнө хүчин мөхөсдөх студийн статустай байгууллагын эрхлэх асуудал биш байх. Мөн байсан ч тэдэнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хамтрах шаардлага тулгарч байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин