Дашрамд тэмдэглэхэд, удирдах ажилтны зөвлөгөөнд орон нутаг дахь Ардчилсан намын удирдлагууд, Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь болон Ардчилсан намаас томилогдсон сайд нар оролцсон юм. Энэ үеэр Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол Ардчилсан намын ард түмэндээ дэвшүүлж, танилцуулсан “Монгол хүн” мөрийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт тусгагдсан санаа бүр ард түмнээс төрсөн. Тийм учраас бид ард түмнийхээ амьдралаас урган гарсан хөтөлбөрийг бүх шатанд хэрэгжүүлж Монгол хүн эх нутагтаа сэтгэл тэнүүн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх болно” гэсэн юм. Мөн Ардчилсан намаас томилогдсон сайд нар зөвлөгөөнд оролцогчдод салбар тус бүртээ ойрын үед хийж хэрэгжүүлэх бодлогын шинж чанартай ажлаа танилцуулсан.
Харин орон нутаг дахь Ардчилсан намын удирдлагууд орон нутагт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэх гарцын талаар санал бодлоо солилцож Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зарим саналаа тусгуулахаар боллоо. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын шинэтгэлийг дэмжихээ илэрхийлсэн юм.