Говийн малчин улаан лоолийн ургац хураан

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Говийн малчин улаан лоолийн ургац хураан

Дундговь аймгийн төв Мандалговиос урагш 70 км дэх  Ар-Усны тохилог өвөлжөө Сайнцагаан сумын малчин Нямзавынх.   Тэдний өвөлжөө хаваржаа, зуслан, намаржаа  нэг дороо буюу суурьшмал малчных.  Тэднийх хорин га бэлчээр хашаалчихсан, дэргэдээ уурхайн худагтай  болохоор ус бэлчээр хөөн тэр бүр нүүдэллээд байх шаардлагагүй. Бас дэргэдээ хоёр га ногооны талбайтай,  хүнсний нарийн ногооны хүлэмжтэй.  Түүндээ улаан лооль, тарвас тариална. Жилдээ 100-200 кг тарвас, 100 гаруй кг улаан лооль хураагаад аймгийн төв, ойрхоны хоёр ч  уурхайн  ажилчдын хэрэгцээнд борлуулчихдаг.

Гэрийн эзэгтэй Насангийн Цэрэнтэй хүнсний нарийн ногооны хүлэмжид уулзвал:

Манайх энд суурьшаад 26 жил болж байна.   Жилийн жилд тарвас, улаан лоолийн  дажгүй ургац хураачихдаг. Харин энэ жил зургадугаар сарын эхээр Утай, Гүмпэнд нөхөртэйгөө аялаад ирэх хоород цочир хүйтрээд сайхан зэллээд ургаж эхэлж байсан тарвас маань хөлдчихөөд ургац алдчихлаа. Харин улаан лоолио энэ жил 100-200 кг хүргээд хураачихна байхаа. Есдүгээр сарын 20-доор ургацаа авчихна байх. Аймгийн төв оруулж  “Түншлэл” үзэсгэлэн худалдаанд тавиад дорхноо борлуулдаг юм. Харин манайд ойрхон нүүрс, жоншны  хоёр ч уурхай нээгдсэн болохоор тэндхийхэн захиалгаар бас авчихдаг юм.  Экологийн эрүүл, цэвэр бүтээгдэхүүн гэдэг талаас нь манайхыг их сонирхох юм.  Тэгээд ч малчин айл тарвас, лооль тариалаад байгааг энэ зэлүүд говьд харахаар сонин байдаг ч юм  уу. Усалгаа, арчилгаа  сайн байхад сайхан ургах юмаа. Говьд ямар нар дутах биш гэж ярьж байна.

Зураг дээр : Малчин Н.Цэрэн хүлэмжиндээ
            

                            С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж