Бэкхэм дасгалжуулагчийн хувиар Өмнөд Африкийг зорино

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Бэкхэм дасгалжуулагчийн хувиар Өмнөд Африкийг зорино

Хамгийн азгүй тохиолдлоор дэлхийн аваргад оролцох мөрөөдлөө гээсэн тоглогчдын тоонд зүй ёсоор багтаж буй Дэвид Бэкхэм ирэх сард Английн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчдын багт багтаж, Өмнөд Африкийг зорих болжээ. Дэвид Бэкхэм, түүний менежер, төлөөлөгчид, шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло болон “ЛА Галакси” багийн удирдлагууд нэг бус удаа уулзаж, ярилцсаны эцэст Бэкхэм дэлхийн аваргын ногоон талбайд хөл тавих болжээ. Капеллогоор удирдуулсан Английн шигшээ дэлхийн аваргаас өмнө Австрид бэлтгэлд гарах бөгөөд Бэкхэм уг бэлтгэлд оролцохгүй, харин оронд нь гэмтлээ хурдан эдгээхэд анхаарлаа хандуулах гэнэ. Гэхдээ өмнө нь Бэкхэм “Реал Мадрид”-д ноён Капеллогийн удирдлага дор тоглож байснаас гадна дэлхийн аваргад гурвантаа оролцож байсан туршлагыг нь Капелло үнэлж, түүнийг дасгалжуулагчийнхаа багт авахаар шийдсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр Капелло шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарласан бөгөөд Дэвид Бэкхэмийг багтаа авах эсэх талаар ихэд эргэлзсэн гэнэ. Хэдийгээр хүнд бэртэж, талбайд гарах боломжгүй болсон ч түүний үүрэг роль багийн амжилтад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт Капелло итгэт төгс байгаа аж. Энэ талаар Капелло “Хэрэв би Дэвидийг сонгосон бол та нар /сэтгүүлч, сурвалжлагч нарыг хэлж байна/ яагаад, яагаад гээд л шалгааж эхэлнэ. Дэвид 10, 20, эсвэл 30 минут л тоглодог. Гэтэл хувцас солих өрөөнд тэр ямар уур амьсгал бүрдүүлж, багийнхандаа хэрхэн нөлөөлдгийг мэдэхгүй байх. Үлгэр жишээ байна гэдэг чинь чухал зүйл” хэмээн ярьжээ.
Сануулахад, зээлийн гэрээгээр “АС Милан”-д хүчин зүтгэж байсан Бэкхэм өнгөрөгч гуравдугаар сард Сери А-гийн тоглолтын үеэр гэмтэж, улмаар Швейцарьт мэс засал хийлгэсэн билээ. Хагалгаа амжилттай болсон боловч Бэкхэм найман сарын хугацаанд Лос-Анжелест нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж