“Хандивын ангийн талаар бодит мэдээлэл байвал шалгана”

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

“Хандивын ангийн талаар бодит мэдээлэл байвал шалгана”

Энэ жил ерөнхий боловсролын 36 сургууль, 75 цэцэрлэг, 18 дотуур байр, 16 спорт заалыг ашиглалтад оруулна гэж БШУ-ны яамнаас мэдээлсэн. Сургуулийн суудлын тоо 21 480, цэцэрлэгийн орны тоо 7500-аар нэмэгдэх юм байна. Нийслэлд өнгөрсөн жилийн байдлаар цэ­цэр­лэгийн насны 89 240 хүүхэд байгаагаас 59711 нь цэцэрлэгт хамрагдсан. Үүнгий зэрэгцээ Улаан­баатарын 152 хорооны 45 нь огт цэцэрлэггүй  байгаа гэнэ. Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас зарим зүйлийг тодрууллаа.


-Ирэх хичээлийн шинэ жил юугаараа онцлог байх вэ?

-Ирэх хичээлийн шинэ жил хуулийн шинэчилсэн орчинд эхлэнэ. Өмнө байсан сайн турш­лагыг хэрэгжүүлнэ. Түүнээс гадна энэ жилээс шинэ Засгийн газар хүүхэд бүрийг шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна хүүхдийг зөв хүүхэд болгож хүмүүжүүлэх, сургалтыг нийтийг хамарсан байдлаар биш тухайн хүүхдийн онцлог чадварыг нээн илрүүлдэг байдлаар сургалт явуулна. Мөн сургалтын үйл ажил­лагааг сургуулийн биш эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, су­рагчдын өөрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.

-Сургуулийн өргөтгөл ба­рих газар байхгүйгээс жил бүр гур­ван ээлжээр хичээллэдэг бүлэг байсаар байгаа. Энэ асууд­лыг зохицуулахын тулд газрын асуудлыг хэрхэн  шийд­вэрлэх вэ?

-Цэцэрлэгийн болон сургуу­лийн барилгын асуудал хүнд байна. Цэцэрлэг, сургууль ба­рих хөрөнгө оруулалтаас илүү газрын асуудал хүндрэлтэй байгаа. Бид дүүргийн тамгын га­зар, яаманд санал тавьж байна. Газрын асуудлыг төсвийн мөнгөөр худалдаж авах асуудал яригдаж магадгүй. Хуучирч муудсан сургуулийг буулгахдаа 75 ортой цэцэрлэгийг 100 ортой болгох биш 250, 300 ортой хүүхдийн цэцэрлэг болгож хүчин чадлыг нэмэгдүүлэх чиг­лэлээр анхаарч байна. Энэ нь хүүхдийн суудал болон орны тоог нэмэгдүүлэх боломж юм. Хоёр давхар стандартыг өөрчилж гурван давхар байлгах тал дээр анхаарна.

-Жил бүр сургууль, цэцэр­лэгийн бүртгэлд хандивын анги нэрийн дор авилга газар авч байдаг. Ер нь хандивын анги байх ёстой юм уу?

-НБГ-аас сургуулийн бүрт­гэлийн асуудлыг аль нэг багш бүртгэдэг биш хорооны нийг­мийн ажилтан,  эцэг эхийн зөвлөлөөс бүртгэх зөвлөмж өгсөн. Өнөөд­рийн  байдлаар  цэцэр­лэгийн хүчин чадал хүрэлцэхгүй бай­гаа учраас хандивын анги нээх асуудал байхгүй байна. Үнэхээр хандивын анги байгаа гэсэн бодит мэдээллийг иргэд өгвөл бид шалгах боломжтой. Одоогоор мэдээлэл байхгүй байгаа тул иргэд 1290 гэсэн тусгай дугаар руу мэдээлэл өгнө үү. Бид нэр, хаяггүй мэдээлэл авахгүй. Мөн НБГ-т бичгээр мэдээлэх боломжтой.

-Хувийн дунд сургуулийн төлбөр их дээд сургуулийн төл­бөрөөс их байна. Энэ асуудалд ямар нэгэн хяналт тавьж, хязгаарлалт хийх бо­ломж бий юу?

-Хувийн дунд сургуулийн төлбөрийн асуудлыг тухайн сургуулийн зөвлөлүүд шийддэг. Одоохондоо НБГ-аас хувийн дунд сургуулийн төлбөрт хязгаар­лалт тавих боломж байхгүй. Ирэх сарын 10-ны дотор хувийн сургуулийн холбоо, зөвлөлүүдтэй  уулзаж энэ талаар ярилцана.

-Дунд сургуулийн захирлуу­дын сонгон шалгаруулалтыг нээлт­тэй болгоно гэсэн. Үү­нийг хэр­хэн хэрэгжүүлэх вэ?

-Өнөөдрийн хуулиар дүүргийн Засаг дарга нар энэ асуудлыг тавьж Нийслэлийн  боловсролын газраас сонгон шалгаруулалт явуул­даг дүрэмтэй. Шинэ хуулиар бол 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийслэлийн Засаг дарга энэ асуудлыг тавьдаг болно. Тиймээс сургуулийн за­хирал, эрхлэгч нарын сонгон шалгаруулалт ил тод, шударга явагддаг байх журамдаа өөрч­лөлт оруулах гэж байгаа.

Б.АЗАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж