У.Хүрэлсүх: Надаас уучлалт гуйх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Надаас уучлалт гуйх ёстой

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанд гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын даргад хандан “МАН-ыг бүлэгтэй болгох тухай яагаад УИХ-д оруулж ирэхгүй байна вэ” гэдэг асуудлыг тавьсан юм. Харин энэ үгэнд нь хариу болгож, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Чи шоронд байх ёстой” гэж хэлснээс үүдэлтэйгээр маргаан үүсч, нударга зөрүүлсэн хэрэг мандсан юм. Иймд болсон үйл явдлын талаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхтэй уулзаж, тодрууллаа.

-Бүлэг байгуулах асуудал эцэстээ зодоон цохиондоо туллаа гэж хэлэх хүн олон байна, Г.Баярсайхан гишүүнтэй нударга зөрүүлэхгүйгээр ойлголцож болоогүй юм уу, яагаад ийм маргаан гарчихав аа?

-УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Ардын нам Ардчилсан намаас нэг их ялгаатай суудал аваагүй. Ардчилсан нам 31, Ардын нам 29 суудал аваад байгаа. Хэрвээ манай намаас хоёр хүн ялсан бол Ардчилсан намаас хоёр хүн хасагдаад байр нь солигдох тийм л сонголтыг ард түмэн хийсэн. Нэг үгээр хэлбэл, МАН нийт сонгогчдын 40-өөд хувийн санал авсан. Ингэхдээ нам рейтингээрээ манайх есөн суудал, Ардчилсан нам 10 суудал авсан, ганцхан суудлын л зөрүүтэй гэсэн үг. Гэтэл ийм хүчирхэг цөөнх болчихсон намын УИХ дахь бүлгийг нь байгуулахгүй гэж олонхийн бүлэг хуулийн бойкот хийж, Үндсэн хууль зөрчиж, эдлэх ёстой эрхийг нь хасаж, зүй зохисгүй авирлана гэдэг зохисгүй хэлбэр. Та бүхэн санаж байгаа. МАН эрх барьж байхдаа хэзээ ч ийм байдал үүсгэж байгаагүй, 62 ын бүлэг байгуулагдаж байсан түүх бий. Гэтэл одоо 40 гаруй хувийн санал авчихсан бүхэл бүтэн нэг намын бүлгийг байгуулахгүй, байнгын хороонд оруулахгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлүүлэхгүй байна. Арай гэж үг хэлэхээр олонхийн бүлгийн гишүүд дайрч, доромжлоод байхаар зүйд нийцэхгүй байна шүү дээ. Тэвчинэ тэвчинэ гэхэд арай ч дээ, хүнд тэвчээрийн хязгаар гэж байдаг байхгүй юу. Сая болж өнгөрсөн үйл явдлын тухайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр С.Эрдэнэ гишүүнтэй би маргасан юм. Гэтэл Г.Баярсайхан гишүүн хажуугаас орж ирээд “Чи шоронд байх ёстой хүн, чамайг шоронд хийнэ” гэж давшилсан… Ардын намынхныг бүгдийг шоронд хийх гэж байгаа юм уу, Монголыг шоронжсон орон болгох гэж байгаа юм уу. Чаддаг юм бол энэ намын 200 мянган хүнийг шоронд хийл дээ гэж асуумаар байна. Би хэзээ ч эр хүнийхээ хувьд ийм дарамтад амьдарч чадахгүй, цаашдаа тэмцэнэ.

-Г.Баярсайхан гишүүнийг “Шоронд хийнэ” гэж занахаар нь та ширээн дээр нь гүйж очоод нэг юм болсон юм биш үү?

-Г.Баярсайхан гишүүн дээр очоод “Чи үгээ бодож хэл” гэсэн чинь өмнөөс салаавч үзүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр. Тэгэхээр нь би “Хоёулаа эр хүн шиг ярилцаад учир байдлаа ойлголцоё, чуулганы танхимаас гараад ир” гэсэн. Тэгээд бид хоёр гарсан, гарангуут л юу юуны туханд хүрэлгүй шууд намайг заамдаж аваад боосон. Цамцны товч тасдсан. Цэргийн сургууль төгссөн, эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүн жирийн нэг бацаанд заамдуулаад, боолгож унаад байх нь хаашаа юм. Өөрийнх нь хийсэн боолтны эсрэг хариу арга хэмжээ л авсан. Тэрэн дээр нэг их гоншигноод байх юу байх вэ.

-Та гэхдээ Г.Баярсайхан гишүүнд гар хүсэн болохоор уучлалт гуйсан уу?

-Би юу гэж уучлал гуйж байдаг юм. Харин тэр нөхөр ухаантай юм бол надаас уучлал гуйх ёстой гэж бодож байна.

-Г.Баярсайхан гишүүн хууль, хяналтын байгууллагад хандана гэж байна?

-Намайг яагаа ч үгүй байхад тэр нөхөр эхэлж боосон. Хаалганы өмнө зарим сэтгүүлчид байсан, хэн нь эхлүүлсэн бэ гэдгийг харсан. Г.Баярсайхан гишүүн хууль, шүүхэд хандана гэж байгаа бол би ч гэсэн хууль шүүхийн байгууллагад хандана.

-МАН-ын гишүүд эхнээсээ тэсэрч эхэллээ гэж байна. Цаашдаа ингээд тэсрээд байна гэсэн үг үү?

-Хэрвээ энэ байдал цаашаа үргэлжилбэл, хүн чинь эрхээ эдлэх ёстой биз дээ. Ард түмнийхээ 40 хувийн саналыг авчихсан байхад арай хэтэрхий доромжилж байна. Би холбогдох хүмүүстэй уулзана гэж бодож байна, УИХ-ын даргатай өнөөдөр уулзана. Энэ байдлыг ярина. Шаардлагатай гэж үзвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана гэж бодож байна. Нэг зүйлийг хэлэхэд, УИХ иймэрхүү байдлаар цааш үргэлжилбэл үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжгүй болохоор байна. Нэг ёсны Монголын ард түмний саналаа өгсөн 1.2 сая гаруй иргэний 40 гаруй хувь нь өөрийнхөө эрхийг, өөрийнхөө сонголтыг, өөрийнхөө дуу хоолойг парламентаараа дамжуулан ярьж хэлэх эрхгүй болчихоод байна. Иймэрхүү байдлаар хүчиндэж, цаашаа ардчилсан нийгмийг авч явна гэвэл Ардчилсан намын өөрийнх нь үзэл баримтлал эрх чөлөө ардчилал үгүй болно. Үзэл бодлоо илэрхийлэхээр “Чамайг аваачиж шоронд хийнэ” гэх болж байна уу, одоо.

-Бүлэг байгуулагдахгүй бол танай гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэх нь гэсэн яриа дуулдах боллоо?

-Хуулийн хүрээнд шийдэгдэх байх гэж бодож байна. Бүлэг байгуулагдахгүй байна гэж байхгүй. Гол нь Ардын намын бүлгийг байгуулахгүйгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталж авах, бусад олон асуудлыг өөрсөддөө ашигтай байдлаар шийдэхийн тулд л тоглолт хийгээд байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Бид бол Засгийн газар байгуулахаас эхлээд олон зүйлд хүндэтгэлтэй хандаж, аль болох улс орны ажил, төрийн ажил үргэлжлэх ёстой гэдэг чиг шугамыг барьж асуудалд хандаж байхад Ардчилсан нам арай дэндүү доромжилж байна шүү дээ. Манай нийгэмд ийм доромжлол байж болохгүй.

Нэг зүйлийг дахиад хэлье, МАН гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн, улстөрийн ууган хүчин. Би эр хүнийхээ хувьд ч УИХ-ын гишүүнийхээ хувьд ч өөрийнхөө намыг бусдаар доромжлуулахгүй. Манай намыг шүүмжилж болно, түүнийг хүлээж авна. Харин доромжлолыг бол хэзээ ч хүлээж авахгүй. Манай намын мянга мянган гишүүн байна. Хэрвээ иймэрхүү байдал  цааш үргэлжилбэл парламентад болж байгаа хэрүүл гудамжинд гарахаас өөр аргагүй байдалд шилжих нь гэсэн мэдрэмж надад сая төрсөн. Бид их хүлээцтэй тэвчээртэй хандаж ирсэн шүү дээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж