Н.Лхамсүрэн: Канадад үргэлжлүүлэн ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Н.Лхамсүрэн: Канадад үргэлжлүүлэн ажиллана

Саяхан болсон чөлөөт бөхийн жин бүрийн шилдэг зургаан тамирчин оролцсон сорилго тэмцээний үеэр Канадын гурван бөх манай оронд ирж, долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд буцсан билээ. Тэд Хойд Америкаас Азийн Монголд ирж бэлтгэлээ базаасан анхны төлөөлөгчид болсон. Агч навчит модны орныхон тив алгасан манай улсад хөл тавьсан нь тус улсын чөлөөт бөхийн шигшээ багт дасгалжуулагчаар ажилладаг Найдангийн Лхамсүрэн багштай шууд холбоотой юм. Канадын Ванкувер хотноо төвхнөөд цөөнгүй жилийг үдэж буй түүнтэй эх орондоо ирэхэд нь уулзаж ярилцсанаа сонирхуулъя.
-Хэрхэн Канадад хөл тавьсан түүхийг тань сонирхъё?

-1999 онд Канадад тамирчдынхаа хамт тэмцээнд оролцохоор очоод байх үед тэндхийн нэг клубт багшлаач гэсэн саналыг тавьж байлаа. Тухайн үед “Бодож үзье” гээд өнгөрсөн. 2-3 жилийн дараа хүүхдүүдээ Канадад сургангаа өөрөө бөхийн дасгалжуулагч хийе гэсэн бодол төрж, Ванкуверын “ Burnaby Mountain” клубтэй холбоо тогтоож, гэр бүлээрээ хилийн чанадыг зорьсон. Монголчууд хоккейн их гүрэн гэдгээр нь сайн мэдэх Канадад суурьшаад найман жилийн нүүрийг үзэж байна даа.

-Монголд хэзээ эргэж ирэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Би клубтэй байгуулсан гэрээгээ жил бүр шинэчилдэг. Одоогоор ажил төрөл амжилттай байна, дахиад хэдэн жил ажиллая гэсэн бодолтой байгаа.

-Энд ажиллаж байгаад Канадад очиход хөрөнгө санхүү, сургалт дасгалжуулалтын тал дээр хэр ялгаа мэдрэгдсэн бэ?

-Канад том гүрэн шүү дээ. Тиймээс хөрөнгө мөнгө, төсөв санхүүгийн тал дээр толгой өвтгөж, санаа зовох зүйл гардаггүй. Амжилт сайн байх тусам улсаас ирэх хангамж нэмэгдэнэ. Манай клубийн хувьд Канадын шигшээ багийн цөмийг бүрдүүлдэг хүчтэй бөхчүүдтэй. Улсын аваргын тэмцээнд долоон жингийн тавд нь манайхан түрүүлэх жишээтэй.

-Клубт тань хичнээн бөх хэдэн багшийн удирдлагад хичээллэж байна вэ?

-Тамирчдаа хичээллэсэн жил, гаргасан амжилт, ур чадвараар нь гурван зэрэглэлд хувааж, тус тусад нь бэлтгэдэг. Нэг удаагийн бэлтгэл дээр 40-50 хүнийг дөрвөн багш хариуцан ажиллана. Хотын, мужийн аварга шалгаруулах, нэрэмжит гээд тэмцээн олон болно. Тэндээс тамирчдынхаа түвшинг харж, зэрэглэлийг нь тогтоодог юм.

-Канад, АНУ бол клубийн системийг төгс хөгжүүлсэн улсууд. Тамирчид нь харъяа клубүүддээ бэлтгэлээ базааж байгаад том тэмцээний өмнө шигшээ багт нэгдсэн бэлтгэл хийдэг гэдэг. Канадын шигшээ баг жилд хэдэн удаа цугларалтад гардаг вэ?

-Жилдээ нэг, хоёр удаа л шигшээ багийн нэгдсэн бэлтгэл гэж болдог. Зарим клубүүд тамирчдаа шигшээгийн бэлтгэлд аваачихгүй, шууд тив, дэлхийн АШТ-д авч очих тохиолдол ч бий. Зөв хөгжүүлбэл клубийн тогтолцоо нь шигшээ багийн системээс хамаагүй давуу талтай. Олон улсын хэмжээнд сайн барилдаж байгаа тамирчидтай олон хүн мөр зэрэгцэн бэлтгэл хийх боломжийг олгосноор амжилт гаргах магадлал өндөр болдог. Харин шигшээ багийн тогтолцоо нь хэдэн сайн тамирчдыг нэг дор бөөгнүүлснээр залгамж халааг таслах сөрөг талтай юм.

-Канадыг хоккейн гүрэн, цас, мөсний орон гэдэг. Харин бөхөөр хичээллэгчид хэр олон байдаг вэ?

-Бөх сонирхдог хүн их. Зөвхөн мужийн АШТ-д л гэхэд 2000 гаруй тамирчин оролцдог. 16 дэвжээ засаад барилдуулдаг юм.

-Та Монголд байхдаа “Хилчин” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж, шавь нараа чамгүй амжилтад хүргэсэн. Монгол хүүхдүүдтэй ажиллах, канад хүнийг бэлтгэхэд ямар ялгаа, онцлог байдаг вэ?

-Монголчууд бол барилдахын төлөө төрсөн улс. 5-6 настай хүүхдүүд л хэн ч заагаагүй байхад тонгорох мэхийг хийдэг. Гэтэл канад хүүхдүүд хүн яаж унагах учраа ч олохгүй. Гэхдээ амжилт гэдэг хувь хүн хэр хөдөлмөрлөхөөс л шалтгаална шүү дээ.

-Та Канадад цөөнгүй жил ажиллалаа. “Бээжин-2008” олимпийн наадамд тус улсыг төлөөлж, тамирчдаа дасгалжуулан оролцож байсан. Өөр хичнээн тэмцээнд Канадын далбаан дор оролцсон бэ?

-2006 онд Монголд болсон оюутны ДАШТ Канадын шигшээг төлөөлсөн анхны том тэмцээн маань гэж хэлж болно. Түүнээс хойш Бээжингийн олимп, өнгөрсөн жил Данид болсон ДАШТ-д шигшээгийн дасгалжуулагчаар томилогдон ажилласан. Олон улсын тэмцээнд бол олон оролцсон.

-Таны бэлтгэсэн шавь нар монгол хүнтэй барилдаж байв уу? Тийм бол монгол бөх, гарын шавь хоёроо хүч үзэхэд элэг нэгтнээ ялаасай гэсэн хүсэл, бодол төрдөг үү?

-Хариулахад хэцүү асуулт байна. Чөлөөт бөх дэлхийн олон оронд хөгжсөн спорт. Тэр хэрээр тэмцээнд оролцогчдын тоо олон. Энэ олон тамирчид дундаас канад, монгол бөхчүүд хоорондоо битгий таараасай гэсэн хүсэл дотор минь байдаг. Гэвч өнгөрсөн жил монгол тийм тохиолдол гарч байлаа. Данийн Хернингэд болсон ДАШТ-д 84 кг-ын жинд Монголын Ч.Ганзоригтой миний шавь Трэвис Кросс хүч үзсэн. Дэвжээн дээр хоёр өөр улсын бөх гарахад буланд суусан хоёр дасгалжуулагч нь хоёул монгол хүн байсан нь ховор тохиолдол. Тэгэхэд Т.Кросс хожсон. Шавь нарын амжилтаар миний ажлын үр дүн гарах болохоор хэдий элэг нэгтний минь өөдөөс тулж байгаа ч бэлтгэсэн бөхөө л дэмжихээс аргагүй юм даа.

-Монголыг бөхийн орон гэдэг. Тэр ч үүднээс тамирчид нь бусад улсын бөхчүүдээс ялгарах өөрийн арга барил, онцлогтой. Монгол дасгалжуулагчийн бэлтгэсэн канад бөхчүүд монгол барилдаан хийдэг үү?

-Мэдээж миний хэлж ярьсныг тусгаж авч байгаа болохоор монгол маягийн барилдаан хийнэ. Энэ жил Жон Пинеда Киевийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Медалиа гардаад шагналын тавцангаас буух үед нь Оросын дасгалжуулагч ирээд “Чи канад хүн биш байна. Эсвэл багш чинь өөр улсынх уу?” гэж асуусан гэдэг. Мөн өнгөрсөн жил Ц.Сэрээтэр манай клубт очоод шавь нарыг маань суйлах, хонгодох гэх мэт монгол мэхийг сайн хийдэг болж гэж магтсан.

-Та энэ удаа клубийнхээ гурван бөхтэй ирж, хамтарсан бэлтгэл хийлээ. Энэ бэлтгэлийн гол зорилго, ач холбогдол юу байв?

-Монголд авчирсан бөхчүүдийн хоёр нь долдугаар сард залуучуудын ДАШТ-д, 55 кг-ын Жон Пинеда есдүгээр сард насанд хүрэгчдийн ДАШТ-д барилдана. Гурвуулаа миний гарын шавь байгаа юм. Пинедагийн хувьд сүүлийн хоёр жилд Пан-Америкийн АШТ-д дээгүүр өрсөлдөж, Европын “А” зэрэглэлийн ОУТ-үүдээс цөөнгүй медаль авсан сайн бөх. Дэлхийд медаль авахад ойрхон ирчихээд байгаа. Том тэмцээний өмнө өөр улсын бөхтэй барилдуулах нь туршлага суухаас эхлээд олон талын ач холбогдолтой. Манайхан бэлтгэлийн зэрэгцээ шигшээгийн зарим тамирчинтай халз барилдаан хийсэн нь үр дүнгээ өгөх байх. Хоёрдугаарт Монгол, Канад улсууд хэдий хол орших ч спортоор, бөхөөр ойртож болох юм гэсэн миний бодол байсан.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

А.Түмэнбаяр.

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж