Төв аймагт 6-23 сартай хүүхдийн бичил тэжээлийн холимогийн хэрэглээг нэмэгдүүлж, хооллох дадлыг сайжруулах төсөл хэрэгжиж байна. Төсөлд Төв аймгийн Лүн, Эрдэнэ, Баянцогт, Батсүмбэр, Зуунмод гэсэн 5 сум хамрагдаж байгаа юм. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэгдэж байгаа уг төслийг аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн газар, либерал эмэгтэйчүүдийн оюуны сан хамтран хэрэгжүүлж байна. Уг төсөл хэрэгжсэнээр эдгээр 5 сумдад бага насны хүүхдийн бичил тэжээл болон хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг 15 хувиар багасгах ач холбогдолтой ажээ. Төслийн нэг хэсэг болох сайн дурын ажилтнуудыг сургаж дадлагажуулах ажил зохион байгуулагдаж, сургалтуудыг ч зохион байгуулж байгаа юм. Төв аймгийн хэмжээнд төслийн сайн дурын 50 ажилтан ажиллах бөгөөд өөрөөр хэлбэл нэг суманд 10 ажилтан хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх ажилд гар бие оролцон зүтгэхээр ийнхүү бэлтгэгдэж байна.
6-23 сартай хүүхдийн бичил тэжээлийн холимогийн хэрэглээг нэмэгдүүлж, хооллох дадлыг сайжруулах төсөл хэрэгжиж буй 5 сумдад харъяалагдах хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд харъяа өрхийн эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгаар дамжуулан зөвлөгөө авч олон найрлагат бичил тэжээлийн холимогийг авч хэрэглэж болно. Төсөл өнгөрсөн 6 сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 10 сарын хугацаатай явагдана.
А.Мандирмаа /Төв/