Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Сэлэнгийн Ногоон” өдрүүд үзэсгэлэн худалдаа өнөөдөр Sky худалдааны төвийн урд талбайд нээлтээ хийсэн юм. Сэлэнгэ аймаг бол улсын хэрэгцээт үр тарианы 60.0 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 36.0 хувь, байгалийн хадлангийн 20 шахам хувийг үйлдвэрлэж үр тариа, хадлан үйлдвэрлэлтээр улсад тэргүүлж төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалалтаар хоёрдогч байр суурийг эзэлдэг, төрийн дээд шагнал болох Улаан тугийн одон болон Сүхбаатрын одонтой аймаг билээ. Энэ жил энэхүү үзэсгэлэн худалдааг “Монгол Ургац” нэртэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд зөвхөн Сэлэнгэ аймгийн ногоочид биш Өмнөговь, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Дорнод, Хөвсгөл зэрэг аймгуудын ногоочид оролцож байгаа юм байна.
“Монгол Ургац” үзэсгэлэн худалдааны хүндэт зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захриагч Э.Бат-Үүл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Скай худалдааны төвийн дэд захирал н.Машбат нар оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сэлэнгэ аймгаас удаа дараа УИХ-ын гишүүнд сонгогдож байсан бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгуулахад ихээхэн хувь нэмрээ оруулан ажилласан юм. Нийслэлийн Засаг дарга ногоочидтой халуун дулаан яриа өрнүүлж, шинэ ургацын дээжээс амсаж, үзэсгэлэн худалдааг сонирхосон.
Ногоочдын үзэсгэлэн худалдаа албан ёсоор нээгдэхийн өмнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Л.Лувсан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандан: Таны дэмжилгээр ногоочид бидний амьдрал сайжирч байна. Бидэнд ногоогоо тариалж, мөн зах зээлд худалдаалах боломж олгосонд тань талархаж явдаг. Та Сэлэнгэ аймгийн ногоочин иргэдийнхээ амьдралыг ингэж өөд нь татсан шигээ Нийслэл хотын гэр хорооллын иргэдийн амьдралыг ч мөн адил сайхан болгоно гэж итгэж байна гээд, ногоочид бидний хувьд идээ ундааны дээж бол цэвэр зөгийн бал юм. Тиймээс танд зөгийн балаар дүүргэсэн мөнгөн аягыг, алд цэнхэр хадгийн хамт барьж байна гэлээ.
Дараа нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэхүү үйл ажиллагааг албан ёсоор нээсэн. Тэрээр: “Ногоочид энэ жил Германы болон Голландын Элит сортын төмс хүнсний ногоог тариалж арвин их ургац авчээ. Монголын хөрсөнд ургасан хүнсний ногоог Европын орнууд хэдийн хэрэглээд эхэлчихсэн, харин өнөөдөр нээгдэж байгаа энэ үзэсгэлэн худалдаагаар дамжуулан Нийслэлчүүд эх орныхоо хөрсөнд ургасан Герман сортын чанартай ногоог худалдан авах боломж бүрдэж байна. Долоон жилийн өмнө энэхүү үзэсгэлэн худалдааг нээж байх үед бид багагүй зовлон бэрхшээлтэй тулгарч байсан бол өнөөдөр тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй болж ахуй амьдралд ахиц гарсан гэдгийг та бүхэн хэллээ.
Яг үүнтэй адилхан долоон жилийн дараа гэхэд Нийслэлд гал түлж дулаацдаг гэр хороололын айл гэж үгүй болох болно. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ногоочдод газрыг нь өмчүүлэх асуудлыг шийдвэрлэх гэж байгаагаа надтай уулзахдаа хэлж зөвлөлдсөн.Тиймээс та бүхэний хамгийн чухал зүйл болох ногоо тарих газрыг хувьчлах боломж тун удахгүй бүрдэнэ гэдэгт итгэж байна хэмээн онцлон хэлсэн юм. Түүний энэхүү үг ногоочдод хамгийн баяртай мэдээ байлаа.