Үндэсний урлагаа дэлхийд сурталчилж яваа Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид “Хятад, Монголын бүжгийн гуравдугаар уралдаан”-д анх удаа оролцох гэж байна. ӨМӨЗО-ны Ордос хотод ирэх есдүгээр сарын 7-12-ны өдөр болох уг уралдаанд тус чуулгын арван бүжигчин ахлагч, удирдагчийн хамт оролцох юм. Тэд уг уралдаанд бие биелгээгээр болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжимд чуулгын бүжгийн багш М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Аварга зээр”, мөн алтан үеийнхний бүжиж байсан “Сугсраан донж” бүтээлээ сойхоор болжээ. Мөн тэд “Харанга” хамтлагийн “Толин хул” дууны аянд “Домог биелгээ” бүжгийг толилуулахаар бэлдээд байгаа гэнэ. “Хятад, Монголын бүжгийн гуравдугаар уралдаан”-ы үеэр болох үзүүлэх тоглолтод Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын хоёр бүжигчин өөрсдийн бүжгийг сонирхуулах аж.
Сонирхуулахад, “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид ирэх аравдугаар сард Японд болох уралдаанд таван уран бүтээлчээ илгээхээр бэлтгээд байгаа гэнэ.
А.ЗУЛ