-Сайхан намаржиж байна уу. Сонгуулиас хойш та амарч байна уу?
-Нутагтаа очиж амарсан. Гэр зуураа л байна. Одоохондоо Орон нутгийн сонгуулийг өнгөртөл өөр ямар нэг ажилд орохгүй гэсэн бодолтой байна.
-Та Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрх намаасаа авсан ч өөрийн хүсэлтээр татгалзсаныг хүмүүс мэднэ. Хүн болгон нэр дэвших эрхийн төлөө зүтгэж байхад та яагаад татгалзсан юм бэ. Ялангуяа Монголын улс төрд нэг их байдаггүй үзэгдэл учраас Да.Ганболдод нэр дэвших эрхээ өгснийг тань олон хүн гайхаж байсан?
-Да.Ганболд жагсаалтад орж чадаагүй учраас би Сонгинохайрханд дэвш гэсэн. Да.Ганболд бол энэ намыг байгуулагчдын нэг. Манай МҮДН-ийг үндэслэгч. Намайг Да.Ганболд гэдэг хүн улс төрд чирж орсон. Тэр хүний буянаар би улс төрд явж Архангайгаас гурван удаа Их хуралд сонгогдсон. Тиймээс би Да.Ганболдыг нэгэнт жагсаалтад орох боломжгүй байсан учраас нь та дэвш гэсэн юм.
Би улс төрөөс гараагүй. Гэхдээ парламент, УИХ-д байнга суух ёстой юм шиг байх нь тийм ч таатай биш. Ер нь хүн өөрийнхөө хийх гэж зорьсноо хийсэн, болсон гэж үзэж байгаа бол дараагийн залуучууддаа байр сууриа тавьж өгч чаддаг эр зоригтой байх ёстой. Энэ бол улс төрийн эр зориг шүү. Би жагсаалтад орно, Их хуралд гурав сонгогдсон, сайд байсан хүн гээд яваад байвал болох байсан. Жагсаалтад орох ч боломж байсан. Архангайд ч, Сонгинохайрханд ч дэвших боломж байсан. Гэхдээ дэвших ёстой хүмүүсээс орж чадахгүй тохиолдол гарсан учраас би байраа тавьж өгсөн. Улс төрд ийм жишиг байх ёстойг хүмүүст харуулахыг хүссэн. Хоёрдугаарт, ер нь ямар ч зүйлд үе гэж байдаг. Залуу хүмүүс парламентын тогоонд орж ирэх ёстой. Энэ үүднээс л нэрээ татсан. Үлдлээ гээд надад ямар нэг хохирол байхгүй. Их хурлын гишүүн биш болчихоор амьдарч болохоо больчихгүй биз дээ. Хамгийн гол нь хүн өөрөө улс төрд, парламентад ажилласан хугацаандаа хийсэн ажилтай байх ёстой. Би өнгөрсөн 21 жилд санасан, бодсоноо хийж чадсан. Үүнээс илүү албан тушаалын хойноос хөөцөлдөөд яах вэ.
-Та дахиж Их хурлын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн үг үү?
-Миний улс төрийн карьер бол дуусаагүй. Намынхаа ажилд оролцоно. Шаардлагатай үед ямар ч ажлыг хий гэхэд хийнэ. Орон нутгийн сонгуульд Архангайн сонгуульд намынхнаа дэмжиж ажиллах нь миний эрхэм зорилго. Яагаад гэвэл би энэ нутгийнханд өртэй. Намайг Их хуралд гурван удаа сонгосон. Тэр хүмүүсийн сайн сайхан амьдралыг бий олгохын төлөө ажиллах нь миний эрхэм үүрэг.
-Удахгүй орон нутгийн сонгууль болно. Танай намын голдуу гишүүд санаачлан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн бариад хэлэлцэж эхэлж байгаа. Энэ хуулийг та юу гэж бодож байна. Холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байгаа юу?
-Би энэ хуулийг боловсруулахад бас ажилласан. Их боломжийн хууль болж гарч байна. Ер нь Орон нутгийн сонгуулийн тухайд нийслэлтэйгээ адил холимог тогтолцоогоор явах нь зөв. Харин цаг хугацааны хувьд хэтэрхий хойшилж байгаа нь жаахан харамсалтай. Уг нь энэ хуулийг маш богино хугацаанд батлаад цахим үнэмлэхээ хурдан хэвлээд тараачих юм бол заавал арваннэгдүгээр сарыг хүлээх шаардлагагүй. Аравдугаар сарын дунд үеэс хэтрүүлэхгүйгээр сонгуулиа явуулах хэрэгтэй.
-Ардын намынхан холимог тогтолцоогоор Орон нутгийн сонгуулийг явуулахын эсрэг байр суурьтай байгааг юу гэж үзэж байна?
-Орон нутаг намаас ангид байх ёстой гэдэг зүйлийг өмнөх парламентад ч ярьж байсан. Тэр агуулгаар нь үзвэл нэг талаас тэдний хэлж байгаа зөв байж болно. Гэхдээ сонгуулийн тогтолцоо дээр, доороо адил байх ёстой. Нийслэлд холимог тогтолцоогоор явуулсан бол орон нутагт ч адил байх ёстой. Ер нь цаашдаа Үндсэн хуулийн өөрчлөлт орсон тохиолдолд иж бүрэн шинэчлэл хийх ёстой.
-Засаг дарга нарыг томилдог биш иргэдийн дундаас сонгодог болгож өөрчлөх тухай танай намынхан ярьж байгаа. Гэхдээ үүнийг хийхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй. Тэгэхээр орон нутгийн сонгуулиас өмнө амжиж Үндсэн хуулийг өөрчилж чадах уу?
-Өнөөдөртөө бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж байхгүй.
-Та одоогийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ. Ялангуяа Ардын намынхан бүлэгтэй болох эсэх нь ч тодорхой болоогүй, Их хурлын үйл ажиллагаанд ч хүссэн үедээ орж, гарах зэргээр дураараа аашилж байгаа. Энэ бүхнийг зарим хүн МАН-ынхан өөрсөдтэй нь эвсээгүйд АН-д тунирхлаа гэж дүгнэж байгаа?
-Урьд нь бид эвссэн, хариугаа барьсангүй гэж тунирхаагүй байх. МАН-ын хувьд өөрсдөөсөө л болсон. Өмнө нь байнга л эрх барьж байсан. Эрх барьж байсан хэмжээгээрээ том загнаж байсан хүмүүс гэнэтхэн цөөнх болоод нөгөө л сэтгэхүйгээрээ асуудалд хандаад, бид ингэнэ, бидэнгүйгээр цааш явахгүй гээд байх шиг байна. Энэ том зангаасаа болоод эргээд гарах гарцгүй, орох орцгүй болчихоод байгаа юм.
Бүлэг байгуулах асуудал бол өөр. Бүлэг хэзээ хүчинтэй болох вэ гэхээр Монгол Улсын Их хурлын даргад гишүүдийн нэрсээ өргөн барьж, Их хурлын дарга албан ёсоор овог нэртэй нь уншиж алхаа цохьсоноос хойш хүчинтэй болдог. Энэ хүчин төгөлдөр болох нь бас 24 цаг гэсэн хугацаатай. Энэ бол бидний л баталсан хууль шүү дээ. Тэр байтугай Ардын намын олонхи байх үед энэ хуулийг баталж байсан. Өнөөдөр 24 цагийг хүчингүй болгож байна гэж өөр нэг хууль өргөн бариад байгаа нь тийм ч сайн сайхан зүйл биш. Бид өмнө хийснээ дараа нь үгүйсгэдэг бүдүүлэг байж болохгүй. Шуудхан хэлэхэд өөрийнхөө хийсэн үйлдлээсээ болоод ийм байдалд орчихлоо. Тэгээгүй л юм бол яагаад өөрсдөө өргөн барьж чадахгүй байгаа юм бэ. Яагаад гэвэл өөрсдөө өргөн барихаар буруу хэрэг хийсэн юм шиг болчих гээд байна.
Аливаа асуудалд зөвшилцөл, соёлтой харилцаа маш чухал. Ер нь сөргөлдсөнөөрөө амжилт олохгүй. Өнгөрсөн 22 жилд бид мөн ч их сөргөлдсөн, түүнээсээ болж хүндрэлтэй байдалд орж байсан тохиолдол зөндөө. Бид ер нь улс төрийн тэмцлийн сөргөлдөөнөөр амжилт олж байгаагүй. Харин эвийг эрхэмлэсэн хугацаанд Монгол Улс урагшилсан гэвэл олон баримт бий шүү.
-Эе эв ярьсных Ардчилсан намыг хаана ч дагадаг бараан түүх бол 1996-2000 он. Тиймдээ ч сонгуулиар Ардчилсан нам олонхи болоход 1996 оныг санаарай, тэр үеийг давтах вий гэсэн болгоомжлол байна. Ер нь Ардчилсан нам 1996 оны алдаагаа давтахгүй байх баталгаа нь хаана байна вэ?
-1996 оны парламентын гишүүд, засаг төр барьж байсан хүмүүс насны хувьд ч туршлагын хувьд ч одоогийнхтой харьцуулахад тэнгэр, газар шиг болчихсон. Одоогийн Ардчилсан намыг удирдаж байгаа хүмүүс засаг төрд ч ажиллачихсан, парламентад ч хэд хэд сонгогдчихсон туршлагатай, бядтай хүмүүс. Энэ хүмүүсийг итгэж ард түмэн сонгосон. 1996 он, 2012 он гэдэг бол улс орны хөгжлийн хувьд ч, намуудын төлөвшлийн хувьд ч асар ялгаатай. 1996 онд одоогийн нэг яамны төсвийн хэмжээнээс ч бага мөнгөөр Монгол Улсыг амьдруулж байсан. Түүндээ нийцэж амьдарч байсан учраас ард түмэнд тусах хохирол бага байсан байх. Одоо бол гадаад дотоодын хөрөнгө оруулалт ч ихээр орж ирж байгаа энэ эгзэгтэй үед ямар нэг саатал гацаа гарвал ард түмэн л хохирно, улс орон л гацна.
-Танай намынхан үүнийг хэр ойлгож байгаа бол. Яагаад гэвэл Ардчилсан намынхан дотроосоо сөргөлдөх гээд байдаг талтай шүү дээ?
– Хүмүүс тэгж ярдаг юм. Харин яг үнэндээ хүмүүс тэгж ойлгодог болохоос биш манай намын дотоод сөргөлдөөн нь аль нэг хүндрэлийг бий болгодоггүй. Яагаад гэвэл бид яриад хэлэлцээд ойлголцчихдог. Ер нь хүн мэтгэлцэж хэлэлцэж байж үнэн зөвөө олдог. Түүнээс биш нэг даргын, хэсэг хүмүүсийн ая дангаар явна гэдэг улс орны хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэхгүй. Эсрэг тэсрэг үг хэлдэг хүнтэй, түүндээ нийцэж явдаг бодолтой байж хөгждөг. Тиймээс АН-ыг сөргөлддөг, олон фракцтай гэдэг талаас нь авч үзээд хэрэггүй. Харин ч намд фракц байна гэдэг эрүүл үзэгдэл. Үзэл бодлын сөргөлдөөн ухраадаггүй, илүү зөв голдиролд нь оруулдаг.
-Та Шинэ Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоог хэрхэн дүгнэж байгаа вэ. Сөрөг хүчний зүгээс Их хурлын гишүүдээс бүрдүүлсэн гэж шүүмжилж байгаа?
-АН өнөөдөр 40-45 хүнтэй байсан бол ямар нэг асуудал байхгүй гаднаас сайд нараа тавих боломжтой байсан. Одоо бол өөр. Ер нь улс орны тогтвортой байдлыг хангахын тулд парламент өөрөө тогтвортой байх ёстой. Тиймээс “Шударга ёс” эвсэлтэй, ИЗНН-тай хамтраад парламент тогтвортой байх юм бол засаг тогтвортой байж чадна гэж үзээд арга буюу ийм сонголт хийсэн гэж харж байгаа. Зарим хүн Ерөнхийлөгч гаднаас хүмүүс оруулаарай гэж байсан мөртлөө Их хурлын гишүүдийг сайд болоход баталчихлаа гэж шүүмжилж байгаа. Гэхдээ Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх гэж бий. Тэр нь Ерөнхийлөгч шаардлагаа тавьж болно, гэхдээ биелүүлэх эсэх нь Ерөнхий сайдын хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал. Тиймээс нэг их эмзэглээд байх шаардлагагүй.
-Таныг сайд болно гэж ярьж байсан. Яагаад болсонгүй вэ?
-Намайг сайд болоосой, сайд болно гэдэг нэрийн жагсаалтад явна гэдэг миний хувьд бахархалтай зүйл. Миний өнгөрсөн гурван жил дөрвөн сард хийсэн ажлыг эрүүл мэндийн салбар, Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Сайдын асуудлын хувьд би нэг ч удаа сайд болъё гэж хэлээгүй. Надад сайд болох шаардлага байхгүй.
-Яагаад?
Хүн хийж чадсан, хамт олонд хөдөлмөр нь үнэлэгдсэн нэр хүндтэй байх цаг, минутаа ямагт хадгалж явах ёстой. Тэрнээс биш заавал би өмнө нь хийж байснаа үргэжлүүлнэ гэх шаардлагагүй.
-Ардчилсан нам Олуулаа хөгжье гэж уриалсаар олуулаа сонгуульд яллаа. Энэ ялалтын нууц ч юм уу гол шалтгаан нь юу гэж та бодож байна. Ард түмэн яагаад Ардчилсан намд илүү их итгэл үзүүлсэн юм бол ?
-АН бол Монголын улс төрд, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн нам. Энэ нэр хүнд жилээс жилд өсч байгаа. Өнгөрсөн 22 жилд хийсэн дэвшил, хөгжил бүхний манлайлагч, “загалмайлсан эцэг” нь яах аргагүй улс төр талаасаа Ардчилсан нам байсан. Тиймээс Ардчилсан намд итгээд үзье гэсэн байх. Харин бидэнд итгэл өгснийх нь хариуг бид зөв барих ёстой л гэж бодож байна. Тиймдээ ч АН цаг хугацаатай уралдаж хурдтай ажиллаж байна. Улсын баатар маань Улаанбаатар хотод шинэ содон юм хийгээд, хүмүүс дэмжиж байна. Санаачлагаа гаргаад ард түмэн дэмжиж байна. Ард түмэн дэмжинэ гэдэг том зүйл. Тиймээс АН өөрийнхөө түүхэн үүргийг Монголын ард түмний өмнө хүлээж ирсэн, хүлээж байгаа учраас ард түмэн манай намд саналаа өгдөг гэж ойлгодог. Цаашдаа ч өгнө гэж итгэж байгаа.
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН