Ерөнхийлөгч Өлзийт хааны бунхантай танилцав

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Өлзийт хааны бунхантай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Иран улсын Занжин мужийн Султания хот дахь Ил хаант улсын Өлзийт хааны бунхантай танилцав.

Тус бунхан нь 1302-1312 онд баригдсан бөгөөд 2005 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн юм байна. Өлзийт хаан хаан ширээнд залармагцаа Хонгор улаан гэдэг энэ уужим хөндийд барьсан жижиг тосгоныг  хот болгон өргөтгөж Ил хаант улсын нийслэлээр зарлан Султания хэмээх нэр хайрлажээ. Удалгүй Султания хот  Ази, Европыг холбосон худалдааны томоохон төв болжээ. Энэ нутаг ан гөрөө элбэг, адуу малын бэлчээр сайтай тул Аргуун хаан хүртэл зуны өргөөгөө бариулж байсан юм байна.

Өлзийт хааны бунхан бол 200 тонн хүнд давхар дээвэртэй, номин цэнхэр бөмбөгөр оройтой, 49 метр өндөр барилга байгууламж юм. Дэлхийд хэмжээгээрээ гуравдугаарт ордог том бунхан аж. Сэргээн босгох, засах ажил ид хийж байгаагаа бунхны захиргааныхан ярьж, анхны байдлаар нь сэргээхийг зорьж буйгаа дуулгав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бунхантай танилцсаныхаа дараа талархлын дэвтэрт нь “Бидний өвөг дээдэс Өлзийт хааны бунханд зочилсондоо баяртай байна. Бунхныг эдүгээ хүртэл хайрлан хамгаалж, сэргээн засварлаж байгаад талархаж байна. Бунхны захиргаанд ажлын амжилт, Султания хотын оршин суугчдад хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүлье” гэж худам монгол бичгээр бичиж дор нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэмээн гарын үсгээ зурлаа. Мөн Ерөнхийлөгч бунхны захиргааныханд дурсгалын зүйл гардууллаа.

Эх сурвалж: www.president.mn









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж