Мянганы сорилтын корпорацийнхантай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Мянганы сорилтын корпорацийнхантай уулзлаа

Шинэ засгийн газар бүрдэж, ирэх жилүүдийн бодлого чиглэлийг тодорхойлохын тулд Эрүүл мэндийн яам болон Мянганы сорилтын корпорациийн зүгээс өнгөрсөн жилүүдэд хийж бүтээсэн ажлаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал С.Батбаатар, Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнтайван нарыг наймдугаар сарын 28-нд хүлээн авч уулзах үеэрээ онцолсон байна.

Энэ үеэр Монголын мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж буй төслийн талаар албаныхан танилцуулсан юм. Тодруулбал, төслийн хүрээнд умайн хүзүүний хавдар, хөхний хавдар, чихрийн шижин, даралт ихсэх өвчнүүдэд судалгаа, сургалт явуулан өвчнийг эрт үед нь илрүүлэх зөв оношлох, эдгэрэлт, эмчилгээ зэрэгт онцгой анхаарал хандуулсаар ирсэн аж. Мөн эмнэл зүйн удирдамжийг батлуулж бүх өрхийн болон сумын эмнэлгүүдэд тараасан байна. Ингэснээр эрт илрүүлгийн үзлэгийг стандартын дагуу нэгдсэн журмаар хийх сайн талтай гэнэ. Түүнчлэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэдэх Зүрхний төвийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор ДЭМБ-аас шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган байрлуулсан юм байна. Мөн өсвөр насны охидыг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтанд хамруулах ажлыг зохион байгуулсан бөгөөд одоогийн байдлаар вакцины хоёр дахь тун нь 79 хувийн хамралттай болсон ажээ.

Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын тухай иргэд багагүй мэдээлэлтэй болсоныг сайшаагаад, цаашид өвчтөний эрүүл мэндийн болоод санхүүгийн эрсдлийг бууруулах талаар онцгой ач холбогдол өгч ажиллахыг харьяа агентлагууд болон олон улсын чанартай төсөл хэрэгжүүлж буй мэргэжилтнүүдэд даалгалаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж