Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

“Ахиллесийн
өсгий” гэдэг үг хэллэг орчин үеийн улс төрийн түүхэнд олонтаа
хэрэглэгддэг. Домогт өгүүлснээр Ахиллесийн ээж түүнийг төрөхөд хүүгээ
мөнхийн усанд дүржээ. Чингэхдээ хөлийнх нь өсгийнөөс барьж байсан тул
Ахиллесийн биеэс хамгаалалтгүй үлдсэн ганц газар нь тэр байв. Тиймээс
дайснууд нь түүний хөлийн өсгийг харваснаас Тройн баатар тулаанаас гарч,
хот хамгаалалтгүй үлддэг.

Харин Шинэчлэлийн Засгийн газрын
“өсгийд орсон өргөс” нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болж байна.
УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан нам хамтрагчаараа “Шударга ёс”
эвслийг сонгосон нь тухайн үедээ хамгийн зөв нүүдэл, зүй ёсны зүйл
гэгдэж байсан хэдий ч үүнийхээ төлөө багагүй зовлон туулах бололтой. Нэг
хэсэг намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гурван гишүүнээ тангараг
өргүүлэхгүй цахдаж, “Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрыг тангараг өргүүлнэ”
хэмээн золигтож байсан нөхдүүд саяхнаас “Гишүүний суудлаа агентлагийн
даргаар солино” гэж гэдийж байна. МАН-д байхдаа ТЕГ-ын даргаар ажиллаж
байсан Ц.Оюунбаатар нь энэ суудлыг УИХ-ын гишүүний эрх мэдлээс дээгүүрт
үзсэн юм байх. Сануулахад тус эвсэл Засгийн газарт дөрвөн сайдын суудал
эзэлсний нэг нь Сангийн сайд Ч.Улаан. Харин ТЕГ гэдэг тус яамны харьяанд
байдаг нэг агентлаг. Улсын төсөв бүрдүүлэхэд гол нурууг нь үүрдэг энэ
агентлагийг авахын тулд “Шударга ёс” эвслийнхэнд гишүүний сэнтий ч яамай
бололтой. Авдаг байлаа гэхэд заавал Ц.Оюунбаатар байхдаа ч яадаг юм.

Уг
нь мань эр тус эвслээс жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон цөөхөн
нэр дэвшигчийн нэг. Гэвч нэг хэсэг “Н.Энхбаяр даргад суудлаа өгнө өө”
хэмээн өгөөмөр загнаж байсан энэ эр одоо байтлаа нүүрээ ширлэчихээд
“Ерөөсөө ТЕГ-ын дарга болно” хэмээн цахилж яваа гэнэ. Тэгээд эвслийн
бүлэг нь хуралдаад түүний оронд өөр нэг хүнээ УИХ-д суулгахаар болсон юм
байх. Түүний оронд тус эвслээс жагсаалтад бичигдсэн боловч УИХ-ын босго
давж чадаагүй хэн нэгэн нь тангараг өргөх гэнэ.

Уг нь бол
хуулиараа ямар тохиолдолд УИХ-д орон гарах вэ, яаж орон гарсан суудлыг
нөхөх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Сонгогдсон гишүүн нь нас
барсан болон өвчний учир ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон, өөрийн
хүсэлтээр чөлөөлөгдсөн, өөр албан тушаалд томилогдсон тохиолдолд гэж
байгаа. Тийм учраас Ц.Оюунбаатарын хувьд ядахдаа ард түмний хийсэн
сонголтыг хүндэтгээд тангаргаа өргөчихсөн бол дараа нь өөрийн хүсэлтээр ч
бай, өвчний учир ч бай нэг шалтаг хэлээд чөлөөлөгдөж болох байв. Гэхдээ
өөр албан тушаалд очих тохиолдол нь ч бас хүндэтгэх шалтгаантай байх
учиртай. Ядахдаа л УИХ-аас томилогддог өндөр албан тушаалуудын нэг дээр
очиж байсан бол. Харин мань хүн энэ мэт ялгаа заагаа ч мэддэггүй юм уу,
Сангийн сайдын харьяанд ажилладаг нэг муу агентлагийн даргын суудалд
унаж үхэж байна. Арга ч үгүй биз дээ, нам намаас гуйж байж арай гэж 12
нэр жагсаасан “Шударга ёс” эвсэлд сонгогчдын 20 хувь нь итгэл
хүлээлгэсэн нь арай л ахадсан итгэл байж. Тэгээд УИХ-д авсан 10 суудлаа ч
дүүргэж чадахгүй, арай гэж олсон агентлагаа ч бөглөж чадахгүй аргаа
барж байгаа юм биш үү.

Мэдээж УИХ-ын гишүүнээс татгалзах эрх нь
хуулинд байгаа бол СЕХ орных нь хүнийг тангараг өргүүлэх байх л даа.
Гэхдээ энэ мэт сонгогчдоороо даажигнаад, суу гэсэн газарт нь сууж
өгдөггүй нөхдүүд олшроод, дуртай нэг нь орж, дургүй гарч л байдаг
хүлээлгийн танхим болчихвол нөгөө шинээр сонгосон сонгуулийн тогтолцоо
маань үнэгүйдэж, олон нийтэд адлагдаж мэднэ. Ингэхэд “шударга” нэртэй
эвсэлд сонгогчдын өгсөн санал үнэтэй юу, нэг агентлагийн даргын суудал
үнэтэй юу.

Гэрэл зургийг: tsogtbayar.niitlelch.mn

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж