
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс ямар гишүүн тангараг өргөх нь тодорхойгүй хэвээр байна. МАХН-ын дарга Н.Энхбаярт нэг суудал хадгалж, шүүхийн шийдвэрийг хүлээн жагсаалтын 10-д байсан Ц.Оюунбаатарыг тангараг өргөхийг түдгэлзүүлээд байсан тус эвслийнхэн одоо ч ямар хариу гаргахаа шийдээгүй байна. Тус эвслийн УИХ дахь бүлэг энэ асуудлын талаар хуралдаж ямар шийдвэр гаргасан талаараа зарлаагүй ч намын жагсаалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатарын оронд өөр нэг хүн оруулж ирэхээр шийдсэн бололтой. Түүний дараа Жамъяандоржийн Батхуяг, Эрдэнэбилэгийн Эрдэнэжамьяан нар жагсаалтын 11,12-т бичигдсэн байна. Харин Ц.Оюунбаатарыг Татварын ерөнхий газрын даргаар эргүүлэн томилох гэнэ. Татварын ерөнхий газрын даргыг Сангийн сайд мэдэж томилно. Сангийн сайдын албыг тус намын гишүүн Ч.Улаан хашиж байгаа тул энэхүү тохиролцоог хийх боломжтой юм. Энэ хуулийг өмнөх парламентийн гишүүд баталсан тул өмнөх УИХ-ын төлөөллөөс энэхүү боломжийн талаар тодруулахад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “гишүүн болохоос татгалзах, эсвэл гишүүнээр хавсран гүйцэтгэж болохгүй албан тушаалыг эрхэлж байвал гишүүнээс татгалзах боломжтой. Ер нь бол жагсаалтад орон гарах юм бол жагсаалтын дараагийн хүнийг гаргаж ирэх зохицуулалттай. Ц.Оюунбаатар нь тангараг өргөлөө гэхэд Татварын Ерөнхий газрын даргаар ажиллах боломжгүй л болно. Гол нь тухайн хүн өөрөө шийдвэр гаргана” хэмээн тайлбар өглөө. Мөн энэ талаар гишүүн Д.Лүндээжанцан “Ер нь бол хувь хүний сонголтоор шийдэгдэх болж таарч байна. Гэхдээ ингэж УИХ-д хэнийг оруулахыг нам шийдэж байвал нь намын жагсаалт гэх зүйлийн утга алдагдана” хэмээн тайлбарласан юм.
Хэрэв энэ нь ёсоор болбол нам хэдийгээр жагсаалт гаргасан ч хамгийн сүүлээр бичигдэж сонгогдох боломжоо алдсан хүмүүс ч намын шийдвэрээр урдуур орж ирэн сонгогдох боломж бүрддэг жишиг тогтох юм. Өөрөөр хэлбэл, жагсаалтад бичигдэж УИХ-д тангараг өргөх эрх нь нээгдсээр байтал намын бүлэг үүнийг шийдвэрлэж байгаа нь зарчмын хувьд шүүмжлэл дагуулах нь тодорхой. Гэвч энэ талаар одоогоор албан ёсоор шийдээгүй байна.
Б.ЭНХМАА