Б.Галдаа: ТЕГ-ын ажилтнуудыг шалгаж байгаа

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Б.Галдаа: ТЕГ-ын ажилтнуудыг шалгаж байгаа

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөх байцаах алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус алба нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хүндэвтэр болон хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг юм. Арван жилийн ойн хүрээнд “Мөрдөн байцаах ажлын чанар,үр дүнг үнэлэх, боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт онол практикийн бага хурлыг өчигдөр зохион явуулсан юм.  Уг хуралд Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Улсын дээд шүүх зэрэг хууль, хяналтын байгууллагын удирдлага, төлөөлөл оролцож, илтгэл тавьсан юм. Мөн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөх байцаах албаны дарга Б.Галдаа “Мөрдөн байцаах албаны үндэсний тогтолцооны тухай” сэдвээр илтгэл тавьсан юм.

Хурлын үеэр Мөрдөх байцаах албаны дарга Б.Галдаатай уулзаж, сонирхсон асуултад хариулт авлаа.

-Манай улс мөрдөн байцаах ажиллагаандаа чагнах тагнах ажиллагааг хэрэглэх болсон.  Хэн нэгэн хуулийн байгууллагын ажилтан үнэмлэхээ үзүүлээд л тухайн хүний ярианы бичлэгийг сонсдог ч гэдэг.  Манай улс үнэхээр хууль бусаар хүн тагнаад байна уу?

-Онц аюултай гэмт хэрэгтний тухай мэдээлэл авсан бол урьдчилж, утсыг нь шалгах гэх мэт нууцлах арга аргачлалаар мөрдөн байцаалт явуулж болно. Ээдрээтэй хэргүүдэд иймэрхүү нууц аргуудыг хэрэглэж байж хэргийг илрүүлдэг. Манай улсад шаардлагтай тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хүсэлтээр, зайлшгүй чагнаж, тагнах шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрөл авч байж шалгадаг.

-Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад тухайн хэргийг прокурорт шилжүүлдэг. Гэтэл прокурорын байгууллага шалгасан хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдол сүүлийн үед элбэгшлээ. Энэ ямар учиртай вэ? 

-Хуульчид өөрийн дотоод итгэл үнэмшил дээр тулгаарлаж, аливаа хэргийг үнэлдэг. Тиймээс заавал энэ шалгаад шилжүүлсэн,  заавал цааш нь явуулж, ял шийтгэл ногдуул гэсэн үг биш. Түүнчлэн мөрдөн байцаалт явуулсан ажил дээр хяналт тавих нь прокурорын эрх мэдлийн асуудал. Хэрвээ тухайн хэрэг эргэлзээтэй байвал хэрэгсэхгүй болгож болно. Энэ талаар ЭБШХ-д заалт ч бий. Хэрвээ нотлох баримт хангалтгүй, өөрөөр хэлбэл,  Эрүүгийн болон ЭБШХ-ийн тайлбар хэрэглэх шатанд эргэлзээ төрвөл яллагдагчид ашигтайгаар шийднэ гэж заасан нь бий. Ийм тохиолдлоор хэрэг хэрэгсэхгүй болж болно.  Манай албаны тухайд жилд дунджаар найман хэрэг хэрэгсэхгүй болдог. Үүнд олон үндэслэл бий шүү дээ. Өршөөлд хамрагдах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан  эсхүл тодорхой ажиллагаа явагдсан боловч тухайн хүнтэй холбогдсон хэрэг нь нотлогдоогүй байж болно гэх мэтээр хэрэг хэрэгсэхгүй болдог.

-Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж томоохон хэргүүдийг цагаатгаж байна.  Үүнийг хуулийн талаас нь тайлбарлвал?

-Ийм үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа асуудал бол мөрдөн байцаагч нарын мэдлэг чадвар хангалтгүй байгаатай шууд холбоотой.  Эсхүл ийм үндэслэлээр илтэд прокурор шүүхийн шатанд цагаадах юм уу хэрэгсэхгүй болгож байвал энэ бас л  анхаарал хандуулахуйц асуудал мөн.

-Прокурор хувийн ашиг сонирхлын үүднээс зарим хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хааж байна гэсэн үг үү?

-Үүнийг үгүйсгэх аргагүй. 

-Хуулийн байгууллагынхан гэмт хэрэгт холбогдох тохиолдол хэр байгаа вэ?

-Манай алба тодорхой субьектын хэргийг шалгадаг. Цагдаа болон тагнуул, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гээд. Нэг үгээр бол эдгээрийг хэргийн субьектээр нь шалгадаг цорын ганц байгууллага.  Эдгээр байгууллагуудын алба хаагчдын ёс зүйн асуудлаас бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь манайд хамаатай. Энэ чиглэлээр шалгаж байгаа хэрэг бол бий.  Гэхдээ хэрэгт холбогдож байна гэдэг нь  гэм буруутай нь тогтоогдож байна гэсэн үг биш. Анх энэ алба байгуулагдаж байх үед улсын хэмжээнд 100-гаад хэрэг бүртгэгддэг байсан. Харин үүнээс шүүхээр ордог хэргүүд байдаггүй байсан юм билээ. Гэтэл сүүлийн таван жилийн хугацаанд нэг жилийн дотор  500 болтлоо өссөн.

-Тэд ихэвчлэн ямар гэмт хэрэгт холбогддог юм бэ?

-Шүүн таслах ажиллагааны эсрэг болон өмчлөх эрхийн, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох нь тасрахгүй байна.  Түүнчлэн аваар ослын болон иргэдийн эрүүл мэндэд халдах гэмт хэрэгт алба хаагчид холбогдох тохиолдол байсаар байна. Энэ бол анхаарал татаж байгаа гол хэргүүд. Ер нь тодорхой хэмжээний хэргүүдэд хууль, шүүхийнхэн холбогдож байна гэдэг нь бид дотооддоо үүний эсрэг ажил зохиох, энэ байдлыг таслан зогсоохын төлөө ажиллах  шаардлагатай байгааг л харуулж байгаа юм.

-Цагдаа нар ямар хэрэгт зонхилон холбогддог вэ?

-Цагдаагийн байгууллагын ажилтанууд эрүү шүүлтийн хэрэгт их холбогдож байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед шалгаж байгаа хүнээ айлгаж, дарамталдаг , хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэх гэх мэт тохиолдол гарч байна. Ер нь энэ чиглэлийн хэргүүд өсөлттэй байгаа. Эрүү шүүлтийн хэлбэрийг Эрүүгийн цагдаа болон эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг субьектууд эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө шалгаж байгаа хүнээ айлгаж, дарамталж, сүрдүүлдэг, хүч хэрэглэдэг тохиолдол байдаг.

-Самрын хэрэгт холбогдсон алба хаагчдын  хэрэг мөрдөн байцаалтад их удаж байна. Шийдвэрлэх болоогүй юу?

-Самрын хэрэгт  цагдаагийн ажилтан холбогдсон хэрэг үндсэндээ дууссан. Гэхдээ үүний цаана олон асуудал байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэргийн гол хүмүүс болох хоёр хүнийг бид нэлээд удаан эрэн сурвалжилж байж баривчилсан. Түүнчлэн хэрэгт холбогдсон зарим нөхдүүд Хятад улс уруу гарчихаад олдохгүй байгаагаас удааширч байна.

-НЦГ  болон Хэв журмын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд ХОМ-ээ худал мэдүүлсэн талаар өнгөрсөн сард АТГ-аас мэдээлсэн. Энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Цагдаагийн дарга нартай холбоотой ХОМ-ийн хэргийг АТГ-аас шалгаад холбогдох газарт нь шилжүүлсэн гэсэн.  Арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй байна. Шалгаж үзэхэд, эдгээр ажилтнууд ХОМ-ээ бөглөхдөө алдаа гаргасан зүйл байсан.

-Тагнуулын ерөнхий газрын гурван ажилтныг танайхаас шалгаж байгаа гэсэн мэдээлэл үнэн үү?

-Одоогоор энэ хэргийг шалгаж байна. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж