БНХАУ-ын Засгийн газрын ивээл дор болж буй олон үндэстний спортын “Ордос” II их наадам БНХАУ-ын Ордос хотноо үргэлжилж байна. Найдугаар сарын 25-31-ны өдрүүдэд болох уг наадамд БНХАУ-ын олон муж, Хятадын Тайвань, Хонгконг, Макао, ОХУ-ын Буриад, Монголын улсын баг тамирчид оролцож, спортын 16 төрлөөр бөх /Монгол, Хятад, олон улсын бөхийн барилдаан/, шатар, морь ба тэмээн уралдаан, жудо, сурын харваа, зүлгэн дээрх хоккей, ушу, олс таталт, модон бөмбөг зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөж байна. Тус наадмын модон бөмбөгийн тэмцээн Ордос хотын төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжилж, Монголын баг тамирчид тус төрөлд хүрэл медаль хүртжээ.
Монголын баг тамирчдын ахлагчаар Олон улсын модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, ММБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ажиллаж байгаа ба манай баг эмэгтэй тав, эрэгтэй зургаан тамирчин, нэг дасгалжуулагч, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцжээ.
Ингээд МУБИС-ийн багш С.Батцоож, ХААИС-ийн оюутан Б.Баянбулаг, Ц.Баасанжаргал, Б.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэйчүүдийн баг наадмын эрэгтэй багийн төрөлд гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэд болжээ. Тус төрөлд нийт 10 орны баг тамирчид өрсөлдсөнөөс тэргүүн байрт Ордосын баг, дэд байрт Тайванийн баг тамирчид орсон байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд эхний байрт Ордосын баг, 2-р байрт Тайвань, 3-р байрт Хонгконгийн баг тамирчид тус тус багтжээ.
Манай эмэгтэй тамирчид Говь-Алтай аймаг дахь ЭМШУИС-ийн багш Н.Энх-Амгалан, Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Батцэрэн, ЦДҮС ТӨХК-ний төвийн бүсийн салбарын ажилтан Н.Долгорсүрэн, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Н.Мягмарсүрэн, Г.Ижилцэцэг нар оноогоороо 4-р байрт бичигдэж, шагналт байранд шалгарлаа гэж Монголын модон бөмбөгийн холбооноос мэдээллээ.