Паражүдо бөхийн -60 кг болон -90 кг-д тоглох хоёр тамирчины хувьд жиндээ өрсөлдөх тамирчидтайгаа өмнө барилдаж байсан, барилдааныг нь тодорхой хэмжээнд судалсан гэдгийг мэдэгдэж байсан юм. Энэ удаагийн паралимпын наадмын бэлтгэлийн үеэр бэлтгэл хангагч байгаагүй гэдгийг дасгалжуулагчид нь мэдэгдэж байсан билээ. Харин пара байт харвааны тамирчид 2011 оны долдугаар сард олимпийн эрхээ авсан. Бэлтгэлийн явц сайн байгаа паралимпын өмнө мэдэгдэж байсан юм. Монгол Улсын шадар сайд асан М.Энхболдын байгуулсан гэрээний дагуу манай тамирчид наймдугаар сарын 16-ны өдрөөс Лондон хотын ойролцоо орших Сарри мужид байрлаж байгаа билээ.
Манай тамирчдын салхийг хагалж наймдугаар сарын 30-ны өдөр пара жүдо бөхийн -60 кг-ын жинд А.Мөнхбат барилдах бол 31-ны өдөр -90 кг-ын жинд хүч үзэх Д.Ганбат зодоглох юм байна. Пара байт харвааны төрөлд онч мэргэнээ үзэх Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа нар наймдугаар сарын 31, есдүгээр сарын 4-ны өдрүүдэд орон, орны тамирчидтай хүч үзэх ажээ. Пара буудлагын хийн гар бууны 10 метрийн төрөлд цэц булаалдах Ц.Лхамсүрэн есдүгээр сарын 4-нд өрсөлдөх бөгөөд хамгийн сүүлд пара хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрөлд Ч.Мөнхэрдэнэ өрсөлдсөнөөр манай тамирчид тэмцээнээ дуусгах билээ.
Анх 1960 оны Италийн нийслэл Ром хотод зохиогдсон паралимпын тэмцээнд монголчууд анх удаа 2000 онд буюу Австрали улсын Сидней хотод зохиогдсон паралимпийн XI наадамд оролцож эхлэсэн. Анхны шагнал буюу пара хөнгөн атлетикийн тамирчин Ж.Лхагважав 2004 оны Афины паралимд хөнгөн атлетикийн холын зайн төрөлд шагналт тавдугаар байранд орж авсан түүхтэй. Харин Хятадын нийслэл Бээжин хотод болсон 13 дахь удаагийн паралимпын зуны наадмаас бид анхныхаа алтан медалийг өлгийдөж авч байлаа. Пара байт харвааны төрөлд манай улсыг төлөөлөн оролцсон Д.Баатаржав алтан медаль авсан билээ.