Арал тэнгисийг аварч чадахгүй нь

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Арал тэнгисийг аварч чадахгүй нь



Төв Азид орших Аральский буюу Арал тэнгис хэзээ чөмнөх шигээ болон сэргэхгүй. Арал тэнгисийг тойрон орших бүсийн орнууд тус тусдаа л экологийн сүйрлийг бууруулахаар хичээж буй ч хамтын ажиллагаа үр дүн багатай хэвээр байна.

Арал тэнгисийг аврах найдлага тасарсан ч ширгэлтийг нь бууруулж, бүсийн хүмүүсийн амьдралын нөхцлийг дээшлүүлж болно. Бүсийн орнуудын ганц нэг нь амжилт олсон боловч 20 гаруйхан жилийн түүхтэй Төв Азийн шинэ тусгаар орнуудын хамтын ажиллагаа нь амжилт олоогүй хэвээр байна. Арал тэнгисийг аврах Олон улсын сангийн (АТАОУС) Фолькер Фробарт (Volker Frobarth) Женнифер Зеринг (Jenniver Sehring) нар "Арал тэнгисийн мөхөл буюу бүхнийг эхнээс нь эхлэх оролдлогын хооронд” гэсэн өгүүлэлдээ ийм дүгнэлт хийжээ. Уг өгүүлэл Арал тэнгисийн асуудалд зориулсан Германы Zentralasienanalysen тохимлын зуны тусгай дугаарт нийтлэгджээ.

Аралкум хүрэх зам буюу хагас зууны дотор мөхсөн тэнгис

Дөнгөж хагас зууны дотор дэлхийд хэмжээгээрээ дөрөвт орох нуур Арал тэнгис "Аралкум" гэх "Аралын цөл" болон хувирав. Харьцангуй саяхан хүртэл Арал тэнгис 68 мянган кв.км талбайтай байсан бол өнөөдөр тэр 10 мянга болж усных нь 90 хувь ширгээд байна. Өдгөө энд “тэнгис” гэхээр зүйл байхгүй, хэд хэдэн тусдаа нуур болоод байгаа. Казахстаны нутгийн хойд хэсэг Сырдарья, өмнөд хэсэг Амударья мөрний усаар ундаалдаг. Байнга ширгэж ирснээс нуурын давсжилт нь далай төвшнийхөөс их болж хавчийн аймгийн ховорхон төрлөөс бусад бүх амьтад, ургамал үгүй болов. Ургамал, амьтны аймаг нь мөхсөнөөс бүсийн хүн амын дунд амьсгалын замын болон хижиг, саа, шар зэрэг бусад өвчнүүд газар авсан байна.

Арал нуурын ширгэлтийн гол шалтгаан нь Төв Азийн орнуудын эрчимтэй өсч байгаа хүн амыг ажил, цалингаар хангах гэсэн Зөвлөлтийн эрх баригчдын шийдвэрээр нуурыг усаар хангадаг хоёр мөрнийх нь дагуу услалтын систем байгуулсан нь юм. Бүс нутгийн хүн ам XIX зууны сүүлчээр 10 сая байснаас өдгөө зургаа дахин өсчээ. Арал ба Аралын орчмын сүйрлийг  Зөвлөлтөд 1980-аад онд хүлээн зөвшөөрсөн ч өөрчилж чадаагүй юм.


Аралын ширгэлт бүсийн хүн амын эрүүл мэндэд нь нөлөөлж байна

20 жилийн тусгаар тогтнол: Нийтийн шийдлийн гарц

Хуучин Зөвлөлтийн Төв Азийн орнууд 1992 он гэхэд Аралыг аврах Олон улсын сангийн (АТАОУС) байгуулан  хүчин чармайлтаа нэгтгэхээр зарласан юм. Сан нь одоо Төв Азийн таван оронг нэгтгэсэн ганц байгууллага болж байгаа. Тус бүсийн орнууд хуучин Зөвлөлт холбоот улсаас тусгаар тогтносон 20 жилийн дотор АТАОУС нь НҮБ ба АНУ-ын Засгийн газар, Европын холбоо,  Швейцарийн тусламжтайгаар Арал тэнгисийн ширгэлт ба Арал орчмын цөлжилтийн эсрэг 300 сая болон нэг тэрбум гаруй долларын өртөгтэй “Арал тэнгисийн сав нутгийн хөтөлбөрүүд” гэсэн хоёр төслийг хэрэгжүүлсэн.

Zentralasienanalysen-ийн зохиогчдын хэлснээр сангийн үйл ажиллагаа ил тод биш, төслүүдийн хэрэгжилт удаан, мөн Арал орчмын нөхөн сэргээлтийн зардал хүрэлцээгүй зэргээс 2000-аад оны эхнээс эдгээр төслүүдийн дэмжлэг суларсан гэнэ. Олон саяын  санхүүжилттэй төслүүд үр ашиг өгсөнгүй. Харин энэ 10 жилийн сүүлчээр бүсийн хамтын ажиллагаа дахин идэвхжиж байна.

Арал орчмын асуудлыг шийдэх нийтлэг шийдвэр олдоогүй байгаа нь үнэн. Төв Азийг ундны усаар хангах үр дүнтэй системийг бий болгохын тулд 40 тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсэн тооцоог Дэлхийн банк болон Швейцарийн Хамтын ажиллагаа хөгжлийн агентлагийн  мэргэжилтнүүд гаргажээ. Олон улсын өглөгтэй тусламж авсан ч гэсэн тийм хэмжээний мөнгийг Төв Азийн орнууд цуглуулж чадахгүй гэж Фробарт ба Зеринг нарын шинжээчид үзэв.

Сырдарья, Амударья мөрнөөс услалтын системээр ус авахыг зогсоосон ч гэсэн тэнгисийн ус 100-150 жилийн өмнө байсан хэмжээндээ нөхөн сэргээгдэхгүй гэж тохимлын нэг өгүүлэгийн зохиогч, сангийн гүйцэтгэх хорооны өнөөгийн дарга Сагит Ибатуллин ярьж байна.

Аварч болох бүхнийг аврах

Арал тэнгисийн ширгэлт, цөлжилттэй хийж буй сүүлийн 20-род жилийн тэмцлийн бага зэргийн амжилт нь бүсийн орнуудын хамтын ажиллагааны үр дүн биш харин зарим нэг орнуудын хөрөнгө оруулалтын үр дүн гэж герман мэргэжилтнүүд тэмдэглэв. Жишээлбэл, Казахстанд Бага Арал нууранд Кокаральскийн даланг бариулснаар усны төвшинг тогтворжуулан, давсжилтыг бууруулан загасны үржлийг эрс нэмэгдүүлж чаджээ. Хөрш Узбекистанд нь өөр стратегиэр ажиллан Өмнөд Аралын орчмын нутгийнхныг ундааны цэвэр ус ба ажлын байраар хангахыг илүүд үзсэн байна. Аралын цутгалангийн орчимд хэд хэдэн шинэ нуур бий болгохоор ажиллажээ. Энэ хэдийгээр бага зэрэг амжилттай болсон ч бас өөр хүндрэлтэй асуудал байсаар байгаа гэж  Zentralasienanalysen тохимлын гурав дахь өгүүллийн зохиогч Искандар Абдуллаев сануулжээ.

Цаашдын ажиллагааны ерөнхий төлөвлөгөө огт тодорхой биш. “Арал тэнгисийн сав нутгийн хөтөлбөрүүд” төслийн гурав дахь нь тохиролцооныхоо төвшинд байгаа ажээ. Тухайлбал, казахууд усны янз бүрийн төвшинтэй ерөнхий тэнгистэй болох санал гаргаж байна. Тэд Бага Аралыг хадгалан харин түүнээс зүүн хэсэгт байгаа нуурын усны төвшинг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Санг ирэх оноос эхлэн гурван жил Узбекистан удирдах бөгөөд тус улс Амударья мөрний цутгалан дахь нууруудын системийг бэхжүүлэх сонирхолтой байна. Харин Туркмений эрх баригчид хэдэн арван сая еврогоор хөрөнгөжүүлэн Арал орчимд асар том цэцэрлэгт ой байгуулахыг илүүд үзэж байгаа ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж