Сум тус бүрт 50 сая төгрөг олгохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Сум тус бүрт 50 сая төгрөг олгохыг хүсэв

Хөдөөд бизнес эрхлэхэд хүндрэл их. Зах зээлээсээ хол, хэрэглэгчдийн худалдан авах чадвар муу байхын дээр төсөл хөтөлбөрт хамрагдах боломж хомс гэхчилэн тоочвол “зовлон” мундахгүй. Өнгөрсөн оноос эхлэн Засгийн газраас жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор олгож буй 30 тэрбум төгрөг хөдөөд, алс буйдхан суманд бизнес эрхлэгчдэд хүртэхгүй байгаа талаарх гомдол сүүлийн үед гарах болжээ. Иймд бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осороос энэ талаар тодрууллаа.

-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хэмжээг нэмэгдүүлж 100 тэрбумд хүргэх талаар “Бизнесийн орчныг дэмжих жил”-ийн төлөвлөгөөнд туссан байсан. Одоо олгож буй 30 тэрбум төгрөг хөдөөд хүртэхгүй байна гэх юм. 100 тэрбум төгрөг болгоод нэмчихвэл сумдын биезнесменүүдэд хүртээх боломж бүрдэх болов уу?

-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн  эх үүсвэрийг нэмэгдүүлж 100 тэрбумд хүргэх, үүний дотор бичил бизнест зориулж 20 тэрбум төгрөгийн санг тусад нь байгуулах төлөвлөгөөг  “Бизнесийн орчныг дэмжих жил”-ийн хүрээнд төлөвлөсөн юм билээ, Засгийн газар. Боломж олдоод  одоо олгож буй 30 тэрбумыг 100 тэрбум болгон нэмэгдүүлбэл сайн л байна. Гэхдээ төсөв гэдэг хэмжээтэй. Энэ удаагийн төсвийн тодотголоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан “Сумдын хөгжлийн сан”-гийн 50 сая төгрөгийг шийдээд өгчихмөөр байгаа юм. Сум бүрт 50 сая төгрөг олгоно гээд тооцохоор 16 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Сумдад бизнес эрхлэгчид төсөл боловсруулах тал дээр ч, үйл ажиллагааны хувьд ч аймгийн төвийнхнөө гүйцдэггүй. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал сумын заан хүнийг улсын наадамд барилдуулсантай адилхан юм уу даа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийг хамгийн сайн төсөлд, эргэн төлөгдөх нөхцөл боломжтойд нь олгох учиртай. Туршлагатай зарим сумынхан төслөө сайн бичээд дэмжлэг авч чадаж байхад зарим сумын нэг ч төсөл шалгарахгүй байгаагаас гомдол тэмцэл гарах нь бий. Тиймээс сум тус бүрт олгох 50 сая төгрөгийг даруйхан шийдээд өгчихмөөр байгаа юм гэлээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж